Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг хуй “салхинаас” ч хурдан гэлцэнэ. Тэрбээр Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдоржийн оронд нийслэлийн Чингэлтэй дүүргээс УИХ-ын сонгогдсон 76 дахь буюу хамгийн отгон гишүүн.
Тиймээс чуулганы танхимын үүд хавийн суудал түүнд ногдсон. Сайдын албыг давхар хашдаг, салбар нь олон нийтийн төдийгүй дэлхий дахины анхаарал татаж буй болохоор хүмүүст хэдийнэ танил болсон. Монгол Улс стратегийн гол орд болох Тавантолгой, Оюутолгойгоо эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлсэн.
Энэ түүхэн үед тэрбээр уг салбарыг даргалж буй учир сэтгүүлчид араас нь ихэд хошуурдаг юм. Харин дуу хураагчаа аманд нь гайгүй сайн дөхүүлэхгүй бол дуу нь улам л цаашаа ороод байдаг гэмтэй. Түүнээс гадна стратегийн гол ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах их ажилтай болоод тэр үү эрхэм сайд маш яаруу.
Ойр ойрхон, хурдан хурдан алхахыг нь яана. Ямар сайндаа л яам болон Төрийн ордны хаалгаар орж, гарахад нь хамгаалалтын албаныхан ёсолж ч амждаггүй гэсэн “онигоо” гарсан байх вэ.
С.Уул