Өглөө бүр үзэл бодлоо 180 хэмээр өөрчлөх нь улс төрд бол байх л зүйл аж. Өнөөдөр ярьснаа маргааш нь огтхон ч нүүр улайлгүйгээр үгүйсгэж, “дайсан”-тайгаа гар барин тэврэлдэх нь ч ялгаагүй. Өчигдөр ийм нэгэн “байх л зүйл”-ийн гэрч нь сэтгүүлчид болов. Биднээр дамжуулаад уншигч олон ч энэ үйл явдлын гэрч болж байна.
Уг үйл явдал Нийслэлийн АН тойрсон маргаантай холбоотой. Өчигдрийн 15.00 цаг хүртэл хэвлэлийнхэн ч, олон нийт ч уг байгууллагын дарга нь хэн болохыг ойлгоогүй явсан юм. Нийслэлийн АН-ын зөвлөлдөх хороо хуралдаж С.Эрдэнийг МоАХ-ны дэд тэргүүн Ш.Түвдэндоржоор сольсон.
Гэтэл С.Эрдэнэ түүнийг хүлээн зөвшөөрөлгүй, “Нийслэлийн АН-ын даргыг ҮЗХ-гоор батламжилдаг, би дарга хэвээр, дүрмийн бус даргад тамгаа өгөхгүй” гэж мэдэгдсэн. Харин өчигдөр тэр бүрэн эрх нь дуусаж буй учир чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий нарийн бичгийн даргадаа өгч, “харамлаад” байсан тамгаа “гомдоод” байсан Ш.Түвдэндорждоо инээмсэглэсээр гардуулж өглөө. Нэг ёсондоо АН-ын төв байранд өчигдөр сонирхолтой “жүжиг” өрнөв.
Тогоон дотроо багталцахгүй байсан С.Эрдэнэ, Ш.Түвдэндорж хоёрын маргааныг БНСУ-аас бүтэн сайнд эх орондоо ирсэн АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “хагалж” өгчээ. Эрхэм генсек иймэрхүү маргааныг таслахдаа гаршсан нэгэн бололтой. Хэдэн өдрийн турш хэвлэлээр “дайтсан” хоёрыг сэтгүүлчдийн нүдэн дээр тохой нийлүүлэн суулгаж, тамга тэмдгийг нь солиулж, бүр тэврэлдүүлж чадав. Ш.Түвдэндорж ч яах вэ анхнаасаа “Би дүрмийн дагуу Нийслэлийн АН-ын дарга болсон, С.Эрдэнэ одоо болимоор юм” гэсхийгээд сууж байсан нөхөр. Бөөн хэрүүл үүсгэж, баахан гомдол нэхсэн мэдэгдэл хийчихээд одоо тэс өөр зүйл ярьж суугаагаараа С.Эрдэнэ л сэтгүүлчдийн, иргэдийн гайхлыг төрүүлэв.
Гэхдээ үүнийгээ тэр өөрөө тоохгүй байв. “Үзэл бодол зөрөх, хэрэлдэх асуудал гардаг. Гэхдээ эцсийн эцэст АН эв нэгдлээ эрхэмлэдэг, нэг зорилготой явдаг. С.Эрдэнэ өнөө өглөө өргөдлөө өгсөн учир Нийслэлийн АН-ын даргын асуудлыг шийдэх боломжтой боллоо. АН 20 жилийн турш ардчиллын амин сүнс байсан, байх ч болно. Үзэл баримтлалдаа үнэнч явсан. Нийслэлийн АН-ын үзэл баримтлалыг цэх шулуун авч явсан С.Эрдэнэдээ баярлалаа, Ш.Түвдэндорждоо амжилт хүсье.
Тамгаа шилжүүлж байгаа учир өмнөх бүх “муу” зүйл байхгүй болох ёстой. Манай намд тамга тэмдэг булаацалдсан асуудал байгаагүй. Хэвлэлээр бичих нэг өөр, дотоод үзэл баримтлал нэг өөр” гэсэн оршил Д.Эрдэнэбат хэлснээр үйл явдал эхэлж, С.Эрдэнэ тамгаа Ш.Түвдэндоржид шилжүүлэв. Дараа нь сэтгүүлчид “гол дүрүүд”-д асуулт тавив.
С.ЭРДЭНЭ: БИ УЛС ТӨРИЙН ШИЙДВЭРЭЭ ГАРГАСАН
Байр сууриа эрс өөрчилж, өөрөө өөрийг өө “үгүйсгэсэн” түүний энэ шийдвэр тун ч гэнэтийн байлаа. Ямар нэг дарамтад орсон юм болов уу гэж “санаа зовох” хүн ч байв. Хэдхэн хоногийн өмнө хууль бус, дүрмийн бус байсан бүхэн нь одоо “жижигхэн алдаа” болж хувирчээ. Түүний тайлбарыг хүргэе. -
Дүрмийн бусаар сонгогдсон учир Ш.Түвдэндоржийг хүлээн зөвшөөрөхгүй, тамгаа шилжүүлэх эрхгүй гэж та хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн. Яагаад байр сууриа өөрчлөв. Таны бүрэн эрх ирэх сарын 26-нд дуусахаар өргөдлөө өгнө гэж байсан биз дээ?
-Дүрмийн зөрчлийг арилгах, Нийслэлийн АН бүтэн байх нөхцөлийг бүрдүүлэх гэж, мөн улс төрийн хариуцлага хүлээж явдаг хү ний хувьд ийм шийдвэр гаргаж байна. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга өнөөдрөөс ажилдаа орлоо. Тиймээс би Нийс лэлийн АН-ын даргаас чөлөөлөгдөх өргөд лөө өгсөн. Ингэснээр нэг талаар дүрмийн зөрчил арилж байна, нөгөө талаар улс төрийн шийдвэр гаргаж байгаа юм.
-Өөрөөр хэлбэл, Ш.Түвдэндорж даргыг дүрмийн дагуу сонгогдсон гэж хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү?
-Би хүсэлтээрээ өргөдлөө өгснөөр Түвдэндорж албан ёсны дарга болж байгаа юм.
-Нийслэлийн АН-ын даргыг ҮЗХ-гоор батламжилдаг, түүнийг батламжлаагүй учир дүрмийн бус гэж Та хэлж байсан шүү дээ?
-Батламжлах эсэх нь ҮЗХ-ны асуудал. Гэхдээ батламжлах эсэх нь дүрмийн шинэчлэлээр албан ёсных биш болсон.
-Тэгвэл Та намынхаа дүрэм шинэчлэгдсэнийг мэдэлгүйгээр ярьж байсан юм уу?
-Намайг батламжилсан ҮЗХ-ны тогтоол байгаа гэдгийг л тэр үед хэлсэн. Дүрмийн бус асуудлыг дүрмийн болгох алхмыг би хийлээ. Хуралдааныг дүрмийн бус гээгүй. Би өөрөө хуралдаанаа зарласан, дүрмийн хүрээнд байсан. Харин дүрмийн бус алдаагаа шинэ дарга ээлжит бус хуралдаан хийж залруулна байх.
-Дүрмийн бус алдаа гэж юуг хэлээд байна вэ?
-Хэлэлцэх асуудлын төслийг өргөн барихаас эхлээд техникийн чанартай алдаа олон байсан. Энэ асуудлыг эцэс төгсгөлгүй маргаан болгож хувиргаад Хяналтын ерөнхий хороонд хандаад явж болох байсан. Гэхдээ маргаанаас зайлсхийж, намын эв нэгдлийг ханган, хагарал хүсэж буй бүлгийн санаархлыг зогсоох үүднээс ийм алхам хийлээ.
-Таныг дарамталсан юм биш үү?
-Надад ямар ч дарамт, шахалт ирээгүй. Намайг дарамталж чадах хүн ч байхгүй. Би хэн нэгний дарамт, шахалт дор ажилладаггүй.
-Та ямар нэг тохиролцоо хийгээгүй гэж үү?
-Тохиролцоо хийгээгүй. АН-ыг, түүний цөм болсон Нийслэлийн намыг хагаралдуулах зорилго байгааг үгүйсгэхгүй. Тэр хэсэг бүлэг хүний санаархлыг хангах эрх бидэнд байхгүй.
-Санал хураалтад 55 хүн оролцсон ч хайрцагнаас 60 хуудас гарч ирсэн гээд байгаа…
-Иймэрхүү хэрүүлийн асуудал яримааргүй байна.
-Та өөрөө л ингэж мэдэгдэж байсан шүү дээ…
-Би улс төрийн шийдвэрээ гаргалаа. Асуудал даамжирвал намын эв нэгдэлд сөрөг нөлөөтэй байсан учир бид өнөөдөр ярилцаад намын ерөнхий нарийн бичгийн даргын оролцоотойгоор энэ асуудлыг шийдэж байна.
Ш.ТҮВДЭНДОРЖ: АСУУДЛЫГ ДЭЭРЭЭС ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БОЛСОН
Нэлээд хэд хоногийн өмнө сонгогдсон ч тэр өчигдөр л тамгаа хүлээн авав.
-Нийслэлийн АН-ын Зөвлөлд өх хорооны XI хуралдааныг та дүрмийн хүрээнд болсон гэж үзэж байна уу. Дүрмийн дагуу шийдвэр гаргасан уу?
-Дөрвөн жилийн бүрэн эрх нь дуусаж байгаа даргад итгэл үзүүлэх эсэхээр санал хураалт явуулсан нь дүрмийн бус болсон юм билээ. Бү рэн эрх нь дуусаж байгаа гэсэн томъ ёоллоор санал хураах байсан.
-С.Эрдэнэ дарга улс төрийн хариуцлага хүлээж албан тушаа лаа өгч байна гэж ойлгох уу?
-Бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа.
-Хурлаас түүнд хариуцлага тооцож чөлөөлсөн шүү дээ?
-Харин иймэрхүү алдааг ээлжит бус хурлаараа залруулна.
-Зөвлөлдөх хорооны 11 дүгээр хурлаас хойш С.Эрдэнэ Та хоёр уулзсан уу?
-Уулзаагүй, утсаар л ярьсан. Хөдөө явж байсан л даа. -Тамгаа дөнгөж сая хүлээн авлаа, албан ёсоор дарга нь боллоо. Одоо ажлаа юунаас эхлэх вэ?
-Тэргүүлэгчдийн хурлаа хийж, намын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинээр батална. Мөн зарим дүүрэгт зөрчилтэй асуудал байгаа. Эв нэгдлээ сахихын тулд гуравдугаар сараас хойш дүүргүүд дээр ужгирсан энэ асуудлыг шийдэх нь чухал байгаа юм.
-С.Эрдэнэ дарга Та хоёрын дунд хэвлэлээр нэлээд маргаан өрнөсөн. Гэтэл өнөөдөр шийдвэрээ тэр гэнэт өөрчилснийг юу гэж ойлгох вэ?
-Би ерөөсөө маргаагүй шүү дээ. Хуралдаан дүрмийн дагуу болсныг л хэвлэлд мэдэгдсэн. Манай намын дүрмийг иргэд, сэтгүүлчид судлах албагүй л дээ. Хуралдааны дараахан намын дарга айлчлалаар гадагш явсан, ерөнхий нарийн бичгийн дарга хилийн чанадад гэр бүлийн хүнээ эмчлүүлж байгаад өчигдөр (уржигдар) ирлээ. Нийслэлийн АН бол томоохон байгууллага, дарга нь Удирдах зөвлөлийн гишүүн байдаг. Тэгэхээр дээрээс уг асуудлыг зохицуулах шаардлагатай болсон. Ерөнхий нарийн бичгийн дарга ирсэн, С.Эрдэнэ өргөдлөө өглөө. Өргөдлөө өгсөн, өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн шалтгаан, хавсарч алба хашсан тохиолдлуудад намын дүрмээр бүрэн эрх нь дуусгавар болдог.
-Нийслэлийн намын даргын асуудлыг заавал ҮЗХ батламжилж байж албан ёсных болно гэж С.Эрдэнэ мэдэгдэж байсан.
-Ялгаа бий. Нийслэлийн намын дарга бол удирдлагын гурван гишүүний нэг. Манай Гүйцэтгэх зөвлөлд намын дарга, генсек, нийслэлийн намын дарга нар албан тушаалаараа ордог. Үүнийг ҮЗХ баталдаг. АН хэвтээ тогтолцоотой. Намын хорооны гишүүд саналаа гаргаад сонгосон бол дүүрэг, аймагт ч хүчин төгөлдөр гэж үзээд ажлаа хийгээд явдаг.
-С.Эрдэнэ шийдвэрээ гэнэт өөрчилсөн нь хачирхалтай санагдаж байна. Түүнийг дарамталсан юм биш байгаа ?
-Тийм юм байхгүй. Тамганы асуудлыг генсек шийддэг. Ерөнхий нарийн бичгийн дарга ирсэн учир асуудлыг шийдлээ. Гарцаагүй намын удирдлага оролцох ёстой айсан л даа.
-Нийслэлийн АН байраа сольсон байна лээ. Хаашаа нүүсэн юм бэ?
-“Мах tower”-ийн ард очсон.
С.Туул