ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Англиас баривчилсан тухай мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд ямар мэдээлэлтэй байгааг лавлав.
-2007 онд Д.Энхбатыг Францаас хулгайлж авчирсан хэрэгтэй холбоотойгоор Б.Хурцыг баривчилсан юм байна. Би холбогдох зарим хүнийг дуудаж уулзсан. Энд хоёр асуудал байгаа. Юуны өмнө энэ нь хууль бус ажиллагаа байсан тул УИХ-аас комисс байгуулж учрыг олно. Хоёрдугаарт, хэдийгээр Д.Энхбатыг баривчлах нь хууль бус ажиллагаа байсан ч Б.Хурц бол тушаал гүйцэтгэж явсан цэрэг.
Манай ТЕГ-ын гүйцэтгэх ажилтнуудын мэдээллийг олон улс мэдэх ёсгүй байсан. Энэ бол төрийн нууц шүү дээ. Гэтэл яагаад тэр ажиллагаанд оролцсон дөрвөн ажилтны нэр хэвлэлээр гарч, мэдээлэл задраад Б.Хурцыг баривчилсны учрыг бид олох ёстой. Тушаал гүйцэтгэсэн өөрийн хүнээ бид хамгаалах ёстой. Манай Байнгын хороо энэ асуудлын учрыг олно.
С.УУЛ