Манай гол хоёр нам ихээхэн хөдөлгөөнд орж байна. Ялангуяа МАХН. Энэ нам дотоод дахь аливаа зөрчлөө нууж, түүнийг аль болох газар авахуулалгүй намдаах бодлого баримталдагсан. Гэтэл одоо зөрчил тэмцлийг албаар ч гэсэн бий болгож, олон түмэнд зарлахыг хичээх хүмүүс бий болсон гэлтэй.
“Тэрэлжийн тунхаг” гэж гарсныг уншигчид санаж буй биз. МАН гэсэн уугуул нэрээ сэргээх, үзэл баримтлалдаа тодотгол хийж, үндэсний ардчилсан чиг шугамыг зүг чигээ болгох нь зүйтэй гэж үзэж буйгаа энэ Тунхагаар олон түмэнд сонордуулсан. Тэгэхдээ энэ баримт бичгээ эцэслэсэн шийдвэр биш гэж ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нь хэлж байна лээ. Тэгэхлээр санал бодлыг нь сонсох, хэлэлцүүлэх зорилгоор гишүүд дэмжигчдэдээ хандсан нь энэ юм байна.
Тэр ч ёсоор болж олон түмэн санаа оноогоо хэлж, хэлэлцүүлэг өрнүүлж, их идэвхтэй хандаж буйн нэг илрэл нь “МАХН-ын шинэчлэл: ухрах уу, урагшлах уу” нэртэй хэлэлцүүлэг юм. Хэлэлцүүлэг цуврал арга хэмжээ юм шиг байна. Хэлэлцүүлгийн ерөнхий чиг хандлагыг ажихад МАХН-ын одоогийн удирдлагын үйл ажиллагаанд сэтгэл дундуур хүмүүс түүнд оролцож байна гэдэг нь хэнд ч мэдрэгдэм. Тэдний хийхээр төлөвлөж буй шинэчлэл гээд байгаа зүйлийг нь эсэргүүцсэн үгс тэндээс нэлээд дуулдаж байгаа.
Намын хуучин нэрээ сэргээх, үзэл баримтлалдаа тодруулга хийх гэсэн санаачилгыг нь удирдлагын цөөн хүний хуйвалдаан гэж үзэж байгаа бололтой юм билээ. Гэтэл үүнийг МАХН-ын одоогийн удирдлагад байгаа зарим хүн үгүйсгэсэн. Тухайл бал, Ц.Нямдорж, Баян-Өлгийд ч юм уу, Увс аймагт байгаа нэг намын үүр гэнэт хуралдаад намын шинэчлэлийн асуудлыг босгож, тэр нь бүх намын хэрэг явдал болж хувирдаг тохиолдол ховор шүү дээ гэж хэлсэн байсан. Тэгвэл У.Хүрэлсүх МАХН “Ард түмнээ сонсъё” аяныг нэг жилийн хугацаанд орон даяар явуулсан.
Намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргатайгаа яриад Удирдах зөвлөл, УИХ дахь бүлгээрээ зүтгүүлээд байгаа юм биш… гэж хэлсэн. МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд ч энэ жил нэлээд олон аймгаар явсныг бид мэднэ. Тэгэхлээр “Тэрэлжийн тунхаг”-ийг хэдхэн хүний толгойгоор хийгээд гишүүд дэмжигчдэдээ тулгаад байгаа биш бололтой. Ямар ч байсан дээрх хэлэлцүүлэгт оролцогчид МАХН-ын гишүүд, дэмжигчдийн “Шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөө” хэмээх хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан байна.
Тэр ч бүү хэл энэ хөдөлгөөн уриалга гаргажээ. Ирэх арваннэгдүгээр сарын эхээр болох МАХН-ын XXVI их хуралд уриалга бүхэлдээ зориулагдсан байна. Өмнөх их хурлын шийдвэрийг хэрхэн биелүүлснээ тайлагнахыг шаардаад “…бусдын дарамт шахалтад үл автах зоригтой, эх орон, намынхаа язгуур эрх ашгийг хамгаалж чадах ухамсартай, шударга, үзэл бодолдоо үнэнч…” гишүүнээ намын их хурлын төлөөлөгчөөр сонгохыг уриаллаа. Гэтэл уг хөдөлгөөнийг хууль бус гэж хэлэх хүн цөөнгүй байна.
Тэд хөдөлгөөн байгуулж, МАХН-ыг задлах нь гэж дургүйцсэндээ л ингэж хэлж буй юм ч бас биш аж. Мөнөөх У.Хүрэлсүх, МАХН дотроо хөдөлгөөн байхыг зөвшөөрсөн заалт дүрэмд байхгүй гэж бас хэлсэн. МАХН-д мэдээж нэг л дүрэм баримталдаг байж таарна. Тэр дүрмээр бол МАХН-д хөдөлгөөн байхыг зөвшөөрөөгүй аж. Тэгтэл Н.Энхбаярыг шинээр нам байгуулах гэнэ гэх яриа нэлээд газар авч байна. Улс төрд түүний орж ирэх зам нь ч энэ байх бололтой. Хөдөлгөөнөөр улс төрд хөл тавьж болохгүйг тэрбээр мэдэлгүй яахав дээ.
Р.ЖАРГАЛАНТ