УИХ-ын намрын чуулганы үйл ажиллагаа эхэлсэн тул өчигдөр намын Бүлгүүд хуваарь ёсоор хуралдав. АН-ынхан намрын чуулганаар ярих асуудлуудыг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгүүдээ байгуулжээ. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжих эсэхийг шийдсэн байна.
Хөдөлмөрийн бирж ажиллуулах, иргэдийг сургалтад хамруулах, сангийн хөрөнгийг 12 тэрбум төгрөгөөр нэмэгд үүлэх гэх мэтээр төсөлд багагүй заалт оруулсан ч гол “бай”-гаа оноогүй, бодлогоо дутуу боловсруулсан гэж АНын бүлгийн гишүүд үзсэн аж. Тиймээс төслийг санаачлагчдад нь буцаах болжээ. АН-ын бүлгийн хуралдааныг дэд ахлагч Л.Гантөмөр даргалсан юм байна. Тэрбээр энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Ажилтай хүний тоог нэмэгдүүлэх, тэднийг хэрхэн дэмжих талаар төсөлд дутуу тусгасан гэнэ. Тиймээс тус Бүлгээс уг асуудлаар Ажлын хэсэг байгуулжээ. Хөрөнгө зуучлалыг заавал төр гэлтгүй төрийн бус байгууллагуудаар хийлгэх гэх мэт бага зардлаар их ажил хийж бодит үр дүнд хүрэхийг АН-ынхан хүсчээ. Мөн ажилгүйдэл, бүртгэл, зээл гэсэн гурван том асуудлыг нэг дор холих нь зохимжгүй гэсэн саналыг ч гишүүд хэлсэн байна.
Улс төрийн намуудын амласан 1.5 сая төгрөгийг 2012 оны эхний хагаст багтаан иргэн бүрт олгох тухай УИХ-ын дарга чуулганы нээлтэд үг хэлэхдээ онцолсон. Энэ талаар АНын бүлгийн байр суурийг сонирхоход Л.Гантөмөр “1.5 сая төгрөгийг хэрхэн үр өгөөжтэй байлгах нь л чухал.
Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхэд ажилгүй, ядуу иргэдийн амьдралд яаж нөлөөлөхийг НХХЯ мэдэхгүй л байна шүү дээ. Тиймээс ажилтай, ажилгүй хүний бүртгэлийг бий болгох хэрэгтэй. Засгийн газар дээрх асуудлыг ирэх оны төсөвт түлхүү тусгаж оруулж ирсэн байна лээ” гэлээ.
С.УУЛ