Испанийн Мадрид хотод өнгөрсөн сарын 28- 29-нд болсон олон улсын хуралдаанаас “Цаазаар авах ялын эсрэг олон улсын комисс”-ийг албан ёсоор байгуулж, Дүрмээ хэлэлцэн баталжээ. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргаа томилж, цаазаар авах ялыг 2015 оны төгсгөлд дэлхийн хэмжээнд бүрэн түтгэлзүүлэхийг уриалсан улс төрийн тунхаглал гаргасан байна.
Уг хуралдаанд Монгол Улсыг төлөөлж Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Г. Ганзориг оролцжээ. Тэрбээр цаазаар авах ялыг халах үйл ажиллагаа явуулах Комисс байгуулах, тунхаглал гаргах ажиллагааг дэмжсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурийг илэрхийлж, энэ талаар хийж буй ажлыг танилцуулсан байна.
Испанийн Элчин сайд асан ноён Рафаел Валли өнгөрсөн тавдугаар сард манай улсад айлчлахдаа Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржтой уулзаж, цаазаар авах ялын эсрэг олон улсын комисс байгуулах санаачилгад Монгол Улс нэгдэж, Мадридын хуралдаанд оролцохыг санал болгосон аж.
Ноён Рафаел Валли уг хуралд тавьсан илтгэлдээ манай улсын жишээг онцлон дурджээ. Уг хуралдааныг Испани улсын Засгийн газраас санаачлан, ивээн тэтгэж явуулсан бөгөөд Комисс цаашид Швейцарьт байрлаж, байнгын үйл ажиллагаагаа явуулах юм байна.