Ойрын үед УИХ-ын чуулганы танхим хавиар Т.Ганди сайд уяатай болов. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч гаргах тухай гээд түүний хариуцсан салбарт хамаатай хуулийг УИХ хэлэлцэж байгаа болохоор тэр.
Эхний хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-аар ярьж байв. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулж, дарга Д.Арвин гишүүдийн асуултад хариулсан юм.
Тэрбээр НХХЯ нийгмийн халамжийн асуудлаа их яриад хөдөлмөр эрхлэлтийг хоёрдугаарт тавиад буйг нь шүүмжилтэл З.Алтай “Нэгмөсөн яамаа татан буулгаад агентлаг байгуулчихаач” хэмээн зөвлөв.
Д.Арвин “Би яг ч тэгж хэлээгүй л дээ” хэмээн булзааруулав. Т.Гандитай “амь нэгтэй” болохоор яриаг нь тэгж мушгин ойлгочихвий хэмээн тэрбээр эмээв бололтой.