Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн баярт ойн өдөр мэргэжил нэгт нөхөд маань төрийн одон медаль хүртсэний нэг нь “Монгол ньюс” компанийн “Өнөөдөр” сонины Гэрэл зургийн албаны дарга Г.Эрдэнэтуяа байлаа. “Түүхэнд үлдэх дахин давтагдашгүй агшинг гэрэл зургийн хальсанд буулгаж явсаар нэг л мэдэхэд 15 жил өнгөрч. Өнөөдөр би Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос “Алтан гадас” одон гардсандаа маш их баяртай байна.
Миний гэр бүлд энэ одон гурав дахь нь болж байгаа юм. Миний аав И.Гүрринчин “Үнэн” сонинд ажиллаж байхдаа 1986 онд энэ эрхэм шагналаар энгэрээ мялааж байсан. Дараа нь хүргэн ах маань хүртэж, гурав дахь нь би боллоо. Сэтгүүлч хүн үгээр урлаж үйл явдлыг уншигчдад хүргэдэг бол гэрэл зурагчин хүн ховор агшныг анзаарч мэдрэн, алдах эрхгүй ажилладаг юм. Одоогоос есөн жилийн өмнө Завхан аймгийн Малчин сумын Харгайн зуух гэдэг газар зудад нэрвэгдсэн малчдад тусламж хүргэсэн онгоц осолдох үеийг би тод санадаг юм. Эмгэнэлт үйл явдлаас амьд гарсан хүмүүсийг нийслэлд авчрах тэр үеийн зургийг авах гэж гэрэл зурагчид Завханаас онгоц ирэхийг хүлээсээр багагүй хугацаа өнгөрлөө.
Агшин бүрийг авсаар, хүнд гэмтэлтэй иргэдийг дагаад эмнэлэг рүү ирдэг юм байна. Эмнэлгийн хаалгаар оронгуут баруун гарын эрхий хуруу час хийгээд явчихлаа. Юу болов гээд үзэх нь ээ хөлдсөн байдаг байгаа. Тухайн үед ажилдаа улайраад хуруугаа хөлдсөнөө ч мэдээгүй. Энэ мэт хөгжилтэй, сонин үйл явдал олон тохиолддог юм. Намайг өдий зэрэгтэй гэрэл зурагчин болоход үнэтэй сургаал үгээ хайрлан, байнга дэмжин тусалдаг байсан Ц.Балдорж эрхлэгч, Р.Чулуун ах болон хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлье” гэж Г.Эрдэнэтуяа баярт мөчийнхөө сэтгэгдлийг хуваалцлаа. Өдөржин гадуур гүйж, ховор дахин давтагдашг үй агшин авах гэж явж явж ирсэн Г.Эрдэнэтуяагаа өрөөндөө оронгуут бид “Гуравдугаар нүүрний зураг, үйл явдлын зургийг сонгоё, дуулиант хэргийн мөрөөр нүүрэнд эвлүүлэг хиймээр байна, глобал уул уурхайн нүүрэнд таарах зураг юу билээ” гээд л тал талаас нь дайрчихна.
Аргагүй дээ, парламентын ажил цаг наргүй үргэлжлэх учир сурвалжлагч, гэрэл зурагчид нь мөн л оройтно. Г.Эрдэнэтуяа гэрэл зураг аваад зогсохг үй шаардлага гарвал хэнээс ч дутахгүй ярилцлага, сурвалжлага хийчихнэ. Борнуурын Өнжүүлд “Симба” Батаагийн унага сан онгоцыг ослын буулт хийжээ гэсэн мэдээлэл тархаж байхад газар дээрээс нь сурвалжлага хийж, онгоц дээшээ харан унасан агшныг “олзолсон” цорын ганц гэрэл зурагчин бол манай Эрдэнэтуяа. Ямар ч сайн сурвалжлага, нийтлэлийг гэрэл зураггүйгээр төсөөлөхийн аргагүй. Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойн өдөр төрийг дуранддаг сэтгүүлчийг төр онож дурандав.