Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент бий болсны 20 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд хэдэн өдөр үргэлжлэн өчигдөр өндөрлөв. Энэ хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж зарим хүнийг шагнав. Гавьяат нэг төрсөн нь О.БатЭрдэнэ. Үндэсний олон нийтийн телевизийн зураглаач юм.
Парламенттай ямар нэг байдлаар холбоотой юм уу, Төрийн ордонд ажилладаг хүмүүс бол түүнийг андахгүй. Үндсэн хууль батлах үеэс өнөөг хүртэл тэрбээр Парламентын үйл ажиллагааг сурталчлах үйлсэд зүтгэж яваа юм. Түүнд соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв. Сүхбаатарын одонг хоёр хүний энгэрт зүүж өгсөн нь Н.Баяртсайхан, Ж.Норовсамбуу нар. Эд хоёул УИХ-ын гишүүн байсан. Н.Баяртсайхан нь энэ хүндтэй албыг УИХ-ын хэд хэдэн бүрэн эрхийн хугацаанд хашсан. Одоо Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж буй. Ж.Норовсамбуу нь Төрийн албаны зөвлөлийг олон жил удирдсан. УБХ-ын гишүүн байсан Д.Жанцан, Х.Пүрэвдагва нарыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав.
Мөн 1992-1996 онд УИХ-ын гишүүн байсан Ц.Товуусүрэн энэ одонгоор энгэрээ мялаалгалаа. Одоо УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвд ахлах референтээр ажиллаж буй юм байна. УИХ-ын одоогийн гишүүдээс Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгийн эзэн боллоо. Түүнчлэн УИХын Байнгын хороодын ажлын албаны зөвлөх Ж.Батсайхан, УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн дарга Д.Насанжаргал, архивч Л.Баярсайхан нар энд 20-иод жил ажилласнаа үнэлүүлж дээрх одонг хүртлээ.

УИХ-ын Тамгын газрын чуулга, Байнгын хороодын хуралдаан зохион байгуулах албаны дарга Ж.Чимгээ, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, хяналтын референт А.Бат сайхан, Захиргаа, боловсон хүчний хэлтсийн операторч С.Туул, бичээч Т.Уранчимэг, хуралдааны тэмдэглэл хөтлөгч Д.Цэндс үрэн, “Монголын мэдээ” сонины ерөнхий эрхлэгч С.Гантогоо, “Ардын эрх” сонины ерөнхий эрхлэгч Б.Тэмүүлэн, “Өнөөдөр” сонины гэрэл зургийн албаны дарга Г.Эрдэнэтуяа нар Алтан гадас одонгоор шагнууллаа. Г.Эрдэнэтуяа гэрэл зурагчнаар 15 жил ажиллаж буй юм. “Ардын эрх”, “Өдрийн сонинд” ажиллаж байсан. Адийн үндэсний бүтээмжийн төв, НҮБ-ын ОУОХ-ноос зарласан олон улсын уралдаанд өөрийн бүтээлээр оролцож тусгай шагнал хүртэж, 2008 онд Азийн шилдэг 80 гэрэл зурагчний тоонд багтаж байсан уран бүтээлч юм. “ТВ-5” телевизийн зураглаач Ш.Жаргалсайхан, “Үндэсний шуудан” сонины тоймч Г.Сонинбаяр нар хөдөлмөрийн хүндэт медаль зүүлээ.