Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж “Эрдэнэс-Тавантолгой” компанийг “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани хэлбэрээр байгуулж, дүрмийн санг бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг “Эрдэнэс МГЛ” ХХКийн хөрөнгөөс гаргах боллоо. “Эрдэнэс-Тавантолгой” компани байгуулснаар компанийн хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, 10 хувийг дотоодын үндэсний компаниудад нэрлэсэн үнээр арилжаалах, 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах зэргийг дэс дараатай хэрэгжүүлж эхлэх юм.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь :
• Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордод хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулах
• Ордыг ашиглах үеийн төрийн оролцоог толгой компани болон Төрийн өмчийн хорооноос эрх шилжүүлсний дагуу хэрэгжүүлэх, төрд ногдох ашгийг төвлөрүүлэх
• Ордыг түшиглэн уулын олборлох, боловсруулах үйлдвэр байгуулах, шаардлагатай дэд бүтэц хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх
• Уурхайн техник, эдийн засгийн үндэслэл болон төсөл боловсруулах
• Иргэд, аж ахуйн нэгжид компанийн хувьцааг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах
• Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө бүрдүүлэх, олон улсын зах зээлд компанийн хувьцааг арилжаалах зэрэг үндсэн үйл ажиллагаа явуулах юм гэж Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлэв.