Элбэгээ тэсрэв. Тэгэхдээ бүр ардчилсан парламентын 20 жилийн ойн өдөр төрийн ордонд “Бөмбөг мэт тэсэрч” орхив. Тэр төрийн мөнгөнөөс идэж, тэрбум тэрбумаар нь өөрсдөдөө хуваарилдаг гишүүдэд хулгай хийснийг нь сануулав. Монголын төрд мөнгө байгааг, тэр мөнгө очих ёстой газар, хүргэх учиртай хүндээ хүрч чадахгүй байгааг УИХ-ын гишүүдийн чихэнд, тархинд, зүрхэнд хашгирав.
Элбэгээ “Парламент шалдан байна, хамтарсан Засгийн газар нүцгэн байна” гэж хэлж чадлаа. Ноён Ерөнхийлөгч шүүх засаглал, төрийн шударга болоод хүртээмжтэй байдал, эдийн засаг, уул уурхай тойрсон сүүдрийн ашиг сонирхол, улам бүр өндрөө авч буй ядуурал, үүний нөгөө талд хэт хурдтай өсөж буй баялаг, тэрхүү баялгийн хөөс хаана тунарч байгааг хөндөн Төрийн ордныг доргитол, түшээдийг улайтал, түмнийг баярлатал үзэл бодлоо илэрхийлсэн үнэн үг хэллээ. Үүнийх нь төлөө Ц.Элбэгдоржийг гоочлох хэрэггүй. Хамтарсан Засгийн газрын анх байгуулагдсан зорилго, мөн чанарыг сануулан нэхэмжилж, нийгэм, ард түмэндээ үйлчилж байх учиртай үйлчлэгч төр хэрхэн, ямар арга замаар хааны суудлаас хаанчлах болсныг дэлгэж тавив.
2010 оны намрын чуулганы нээлтийн үеэр үг хэлэлгүй тунирхаж, дуугүй байдлаараа эсэргүүцэл илэрхийлэн “суулт зарласан” Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чухам ардчилсан парламентын ойн өдөр Монголын УИХ ардчилсан байж чадахгүй байгааг, ардчилалд суралцахдаа хойрго байгааг ийнхүү шүүмжиллээ. Гэтэл түүний энэ эрс шулуун үгээр элдэв улс төр хийн гутаах хандлага илэрч байх юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хязгааргүй эрх мэдэлд шунан дурлаж байгаа мэтээр зарим хэвлэлүүд бодит байдлыг гуйвуулжээ. Ерөнхийлөгчийн суудалд сууснаа саа хойш Ц.Элбэгдоржийн санаачлан хэрэгжүүлсэн нэг ажил бол Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж УИХ-аар баталгаажуулсан явдал. Уг үзэл баримтлалд Монголын төр парламентын засаглалтай байна гэдгийг эхний тунхаг болгон хуульчилсан байдаг.
Парламентын засагла лыг гутаах гэж, хязгааргүй эрх мэдлийг мөрөөдөн хурц цогтой үгсээ УИХ-ын индэр дээрээс хэлсэн гэж эндүүрэх нь ардчилсан хувьсга лын эцгийг арай дэндүү доромж лон гүтгэсэн хэрэг болно. Н.Энхбаярын үеэс нийгэмд бий болсон Ерөнхийлөгчийн хэт дарангуйллаас эмээсэн айдсын улбаа энэ ч байж болох. Иргэдээ чухалчилж, иргэн төвтэй нийгэм, иргэнжсэн төртэй байхыг анхааруулсан Ц.Элбэгдоржийн бүтэн цаг үргэлжилсэн үгнээс Монголын өнөөгийн дүр зураг, ардчилал хэмээн бидний итгэж буй чиг шугамын бодит мөн чанарыг олж харж болохоор байв.
Нөгөө талаар тэрбээр төрийг зүглэ - сэн ардын зам итгэлээр хучаастай байдгийг санууллаа. “УИХ, Засгийн газар энэ бүрэлдэхүүнтэй ажиллаж болно гэсэн миний итгэл бүрэн унтраагүй” хэмээн өгүүлэхдээ тэрбээр ард түмний сэтгэлд хоёр жилийн турш дуншсан, хэлэх гээд хэлэхээ азнасан, хашгирах гээд хамтын нэгдлийн ололтыг хүлээн дуугаа хураасан сэтгэлийн бэтгийг хагаллаа.
Эдийн засгийн эрс өсөлт эгэл түмэнд, энгийн ардад, хязгаар нутгийнхны эрүүл мэнд, боловсролд яагаад хүрч үйлчлэхгүй байгааг асуух эрх Ц.Элбэгдоржид бий. Ингэсэн гээд эрхэм Ерөнхийлөгчийг магтах гэсэнгүй. Түү ний үүрэг нь энэ юм. Үүрэг хариуцлагынхаа өмнө ичих нүүртэй, ичих булчирхайтай байгаагийнх нь төлөө түүнийг үнэлэхийг хүсэж байна. Шуудхан хэлэхэд үнэн энэ удаа Ц.Элбэгдоржийн нүүрээр Монголын төртэй тулав.
Асуух учиртай, хариулт шаардсан олон асуудлыг хөндлөө. АТГ тойрсон улстөржилт, эрхэм түшээдийн ил, далд луйврын бизнесийн цаад учгийг эздээс нь асуулаа. Шүүх засаглалд зайлшгүй хэрэгтэй байгаа шинэчлэлийг УИХ-аас хатуухан нэхэмжлэв. Оюутнуудаа цалинтай болгохыг, нийгмийн эмзэг давхрагад багтах болсон эмч, багш нараа байртай болгохыг, гэхдээ тэдэнд хэрэгтэй байгаа байрыг бор зүрхээрээ зүтгэж яваа хөдөөгийн үйлдвэрлэгчид барих ёстойг эрхэм Ерөнхийлөгч төрөөс хүсэв.
Яах аргагүй зүй ёсны хүсэлт. Хөдөөд хүрч амжилгүй гишүүдийн бизнест шингэн алга болдог төсвийн мөнгийг төрөөс шаардав. Үнэнийг хэлэхэд хамтарсан Засгийн газар хэмээх асар их итгэл тээсэн эв нэгдлийн малгайн дор, нөмөрт нь хоргодон үлдсэн сүүдрийг тэрбээр УИХ-ын танхимд чирээд ирлээ. Сүүдэртэй тал байгааг бид бүгд мэднэ. Үүнийг нийгэм бүхлээрээ харж байгаа.
Хамтарсан Засгийн газрыг шүүмжлэвэл эв эвдэрч, төр тогтворгүйтэж болох улс төрийн нөхцөл шалтгаан байгаа болохоор л өнөөдрийг хүртэл амаа хамхин буй олон нийтийн нүд, чих нь болж Ц.Элбэгдорж үнэнийг дэлгэлээ. Сөрөг хүчин, сөрөх ухаан болох учиртай хэвлэлийнхэн биднийг үүргээ мартсаныхаа төлөө “ичиж үхтэл” шударга үгсийг шулуухан урсгав.
Хамтарсан Засгийн газар бол хамгийн зөв сонголт. Гэхдээ энэ нь С.Батболд, Н.Алтанхуяг, Д.Зоригт, С.Баярцогт нарыг огтхон ч шүүмжилж болохгүй гэсэн үг биш. Энэ хоёр ойлголтын дунд томоос том зааг ялгаа бий. Чимээгүй байгаа нь магтан хөөргөж байгаа хэрэг биш гэдгийг Ерөнхийлөгч эрх баригчдад ойл гуулахыг хичээж байна. Монголын хууль тогтоогчид мэргэ жил мэдлэг, даац болоод агуулгын хувьд орчин цагийн улс орны шаардлагад нийцэхгүй, тэнцэхгүй байгааг тэрбээр ёжлон, ёгтлон илчиллээ.
Мэдлэг мэргэжил нь ард түмний хэрэгцээ, улс орны хөгжлийн шаардлагад тэнцдэг юм гэхэд сэтгэл зүрх нь тэнцэхгүй байгааг анхаарууллаа. Үнэн үг гашуун. Бас өсөрхөж бухимдмаар хатуу. Харин Ц.Элбэгдорж хатуу бөгөөд гашуун байж чадав. Хэрэв төрд, түшээдэд ичих булчирхай гэж байдаг бол түүнийг нь өвчилтөл шүүмжиллээ. Шүүмжлэл сонсолгүй удсан гишүүд ярвайж байна.
Магтуулж сурсан Засгийн газар ихэмсэгээр гэдийж байна. Энэ бол зүгээр нэг үглээ дуу, яншаа учирлал байсангүй. Монголын парламент 20 настайгаа золгож буй хэр нь өлгийдөө өтөлж, авлигадаа идэгдсэнийг дүгнэн хэлсэн, дүн тавьсан хэрэг байв. Цаашдаа парламентыг ардчилсан байдлаар хөгжүүлэх, төлөвшүүлэх, босгыг нь өндөрсгөх зайлшгүй шаардлага байгааг тэмдэглэлт ойн өдөр Ц.Элбэгдорж ийнхүү зарлалаа. Түүнд баяр хүргэе. Хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм гэж байдаг.
Ц.Элбэгдоржийн үнэн үгийн өмнө талархан мэхийе. Мэхийж чаддаг байх ухаантай байя. Монголын эдийн засгийн хөгжил, уул уурхайн ирээдүй, нийгмийн оюун санааны өсөлт болоод ядуурлын өмнө УИХ, Засгийн газар балчирдаж, эрхэм түшээд мөн чанарынхаа хувьд жижигдэж байгааг сануулсных нь төлөө Ц.Элбэгдоржид алга таших зоригтой байя.
Парламент шалдан байна, Засгийн газар нүцгэн байна хэмээн тэр хашгирлаа. Хамтарсан Засгийн газрын дайсан мэтээр түүнийг бүү олзол, бүү хард. Шүүмжилсэн болгон дайсан биш, заримдаа нөхөр байдаг. Тэгэхдээ бүр нөхөр шиг нөхөр байдаг.