Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа яамныхаа хөрөнгийг барьцаанд тавьж мөрийтэй тоглосон Д.Сүрэнхорд холбогдох хэргийн Нийслэлийн шүүх яллагдагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцэв. Д.Сүрэнхор давж заалдах гомдолдоо “Би 73 сая төгрөг завшиж хэрэглэснээ анхнаасаа хүлээн зөвшөөрдөг.
Дэд сайдынхаа БНСУ-д хийх айлчлалын замын зардлын 2.5 сая, “Бөөний худалдааны сүлжээ” төслийн таван сая төгрөг болон гар утас, нөүтбүүк, хамгаалалтын хувцас хэрэглэлийн төлбөрийг бусад хүн надад тохож төлүүлснийг хянаж үзнэ үү. Зарим хүн энэ мөнгийг өөрсдөө завшаад гадаадад гарсны дараа аудитын шалгалт ороход намайг завшсан мэтээр тайлбарласан. Миний ялын зүйлчлэл тохироогүй. Би Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангид зааснаар ял шийтгүүлэх ёстой байсан. Тиймээс ялын зүйлчлэлийг өөрчилж Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж өгнө үү. Мөн биеийн байдал сайнгүй, архаг хууч өвчин сэдэрсэн, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Сүхбаатар дүүргийн шүүх албан тушаалын байдлаа ашиглан төрийн өмчийг завшиж үрэгдүүлсэн хэмээн буруутгаж түүнд долоон жилийн хорих ял оноосон. Түүнээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу гурван жилийг нь хасаж, дөрвөн жилийн ял жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Түүний өмгөөлөгчид зүйл анги өөрчлөх хүсэлт тавьсныг прокурор Ж.Чимгээ эсэргүүцсэн. Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүх хурлаас Д.Сүрэнхор болон түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Г.ОРЧЛОН