БНСУ-ын Сөүл хотод “G-20” буюу “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт боллоо. Дээрх уулзалтын хүрээнд тус улсын Авлигатай тэмцэх, иргэний эрхийн комисс, OECD (Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага) хамтран зохион байгуулсан “Авлигын эсрэг хамтын ажиллагаа болон олон улсын манлайллыг бэхжүүлэх нь” олон улсын симпозиумд Монгол Улсыг төлөөлж АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны дарга Б.Батзориг оролцжээ.
Уг симпозиумд Их 20-ийн орнуудаас гадна хөгжиж буй, буурай хөгжилтэй улсуудын төлөөлөл оролцсон аж.
Симпозиумын үеэр “Авлигын гэмт хэрэг улс гүрэн дамжин үйлдэгдэх нь ихсэх болсон учир олон улсын хэмжээнд авлигын гэмт хэрэгтэй амжилттай тэмцэхийн тулд “Их 20”-ийн улсууд авлигатай тэмцэх чиглэлээр улс орныг манлайлахын зэрэгцээ тэднийг авлигатай тэмцэхэд туслах нь чухал” гэдгийг хэлэлцэн, “Их 20”-ийнхныг хөгжиж буй орнуудад энэ чиглэлээр туслахыг уриалсан байна.
Манай улсын төлөөлөгч олон улсын дээрх симпозиумаас гадна БНСУ-д болсон “Олон улсын төрийн байгууллагын авлигын эсрэг стратеги, түүний хэрэгжилт” сэдэвт туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэгт оролцож “Монгол Улс дахь авлигаас урьдчилан сэргийлэх ажилд тохиолдож буй хүндрэл бэрхшээл, даван туулж буй арга зам” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлжээ.
Г.Орчлон