УИХ-ЫН 26 ДУГААР ТОЙРГООС (БАЯНЗҮРХ, НАЛАЙХ ДҮҮРЭГ) СОНГОГДСОН ГИШҮҮН ЗОРИГИЙН АЛТАЙ
УИХ-ын гишүүд татвар төлөгчдийн мөнгөнөөс ”Амин чухал хэрэгтэй байна, ард түмнийхээ төлөө сохор зоос ч үлдээхгүй зарцуулах учиртай юм” хэмээн амлацгааж тэрбум, тэрбумыг халаасалснаас хойш жил өнгөрлөө. Эл шийдвэрийг 76 гишүүдээс өөр зөвшөөрсөн хүн Монголд үгүй л болов уу. 76 тэрбум гэдэг маш их мөнгө. Үүгээр юу хийж болох байсныг нуршаад юүхэв. Магадгүй эрхэм гишүүд санасандаа хүрч, сарвайснаа авсандаа маадгар алхдаг байж болох юм.
Тэгвэл “Өнөөдөр” сонин та бүхнээс тэрбум төгрөгөө юунд зарцуулав аа гэдгийг чинь шалгааж сонгогч түмэнд тайлагнуулахаар “Татвар төлөгчийн тэрбум төгрөгийг Та яасан бэ?” гэсэн асуулт тавьж, хариулт авах буланг нээж байна.
Тойргийн тань сонгогчид төдийгүй нийт монголчууд таны хэн бэ? хэр зангарагтай төрийн түшээ болов оо гэдгийг эндээс харах болно. Шал будаж, цонх шиллээд тэрбумаа дуусгав уу, эс бөгөөс шим, өгөөж дүүрэн ундрах бүтээн байгуулалт, ашигтай санхүүжилтэд зарцуулав уу гэдгээ та тайлагнах юм.
Тайлангийн тань шударга эсэхийг сонгогчид чинь шүүнэ гэдгийг санаандаа хадгалчихаарай. Харин сонгогчид бид төрд төлөөллөө болгосон гишүүнийхээ үнэн, худал залж байгааг хянаад “Өнөөдөр” сониноор дамжуулан нийтэд мэдээлж хариуцлага “тооцох” учиртай юм. Цагаан толгойн үсгийн дарааллаар З.Алтай гишүүн тэрбум төгрөгийн тайлан тавих салхийг хагалж байна.

