Нэр алдрын оргилд хүрсэн дэлхийн одод өөрийн нэрийн үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн болон бэлэн хувцасны брэндтэй байдаг нь өөрийг нь илтгэх бас нэг төрлийн илэрхийлэл гэдэг. Тэгвэл Монголын нэр алдартай хүмүүс эхнээсээ энэ жишгийг дагаж байна. Дайчин, хөдөлмөрч зан, уран бүтээлч сэтгэлгээ, үргэлж шинэлэг байх тэмүүлэл гэх мэт “дагуултай” дуучин Д.Болд рок попын ертөнцөөс хальж, загварын ертөнцөд хүч үзэхээр шийджээ. Тэрбээр “Be Bold” нэртэй ноолууран хувцасны брэндтэй болж байгаа сурагтай. Энэ талаар тодруулахаар түүн рүү утас цохилоо.
-Энэ өдрийн мэнд хүргэе. Таныг загварын ертөнцөд хүч үзэж, өөрийн брэндтэй болж байгаа гэж сонслоо.
-Тийм, уг нь хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өгөхийг хүссэн юмсан.
-Нэгэнт “баригдсан” болохоор товчхон мэдээлэл өгөөч. Коллекцийн нэр “Хувьсал” гэсэн үү?
-Яг ч тийм нэртэй биш ээ. Гэхдээ загварын ертөнцөд хувьсал байхыг үгүйсгэхгүй. Тун удахгүй гарах учраас тэр үед нь сэтгэгдлээ хэлээрэй. Өөрөө нэг зүйлийг буруу ойлгожээ. Энэ удаагийн ажил бол “Be Bold” нэртэй “Гоёо”- гийн загварын коллекци юм. Одоо яг зураг авалт хийгээд тун завгүй байна л даа.
-Би харж байна аа. Юугаар гээч, интернэтээр. За энэ бол тоглоом байлаа. Гэхдээ зураг авалтын ажил их өвөрмөц болно гэж сонссон юм аа. Ганцхан нууц дэлгээч.
-Болдын нэрийн коллекци гаргах саналыг анх “Гоёо” брэндээс тавьсан л даа. Ямар ч байсан Монголдоо анх удаа гэж болохоор өвөрмөц шийдэлтэй. Дизайнеруудын гаргахыг хүссэн шийдэл бол болд мэт хатуу гэсэн санаа. Үнэхээр сэтгэлд нийцсэн загварууд болсон.
-Хэзээнээс худалдаанд гарах юм бол. Хүссэн хүн нь Болдыг “өмсөж” болох нь ээ.
-Ганц асуулт гэсээр байгаад яриулчих юм байна л даа. Үлдсэн асуултаа нөгөөдөр болох хэвлэлийн хурлын үеэр тавиарай. Коллекци маань бэлэн болчихсон гэдгийг л хэлэх байна. Зураг авалтын ажил эхэллээ, уучлаарай. Тасаллаа шүү.