Газар нутаг багатай БНСУ-ын хөдөө аж ахуйн салбарынхан гадаад оронд газар хайж эхэллээ. Өнгөрсөн жил гадаадын 10 оронд газар авч байсан бол энэ жил БНСУ-ын Засгийн газраас шинэ нутаг хайж байгаа хөдөө аж ахуйнханд зориулан 240 тэрбум вон гаргаж дэмжихээр болсон байна.
Одоогийн байдлаар БНСУ-ын 52 компани ОХУ, Камбож, Монгол зэрэг 18 оронд нийт 297563 га газар аваад байгаа нь тус улсын нийт газар тариалангийн нутгийн 17 хувь болж байна гэж “Yonhap news” агентлаг мэдээллээ. БНСУ-ын найман компани ОХУ-д 170000 га газар авсан нь хамгийн ихэд тооцогдож байгаа ч ажиллах хүч, техник дутагдалтайгаас дөнгөж 30284 га газарт л тариалан эрхэлж байгаа аж.
Хойд хөршийн дараа Бразил (62126 га), Монгол (28273 га), Филиппин (27300 га), Украин (3477 га), Камбож (2498 га), Лаос (1452 га), Индонез (998 га) орж байна. “Yonhap news” агентлагийн мэдээлснээр 2008 оноос хувийн аж ахуйтнууд гадаадад бэлчээр, тариалангийн газар хайж эхэлсэн бөгөөд тэднийг улсаас нь бүх талаар дэмжиж байгаа гэнэ.
М.СУГАРАА