Бүтэн жилийн турш үргэлжилж байгаа Мардай дахь ураны “Дорнод” ордыг тойрсон лицензийн маргаанд Дээд шүүх цэг тавьжээ. Энэ сарын 13-ны өдөр Дээд шүүхийн Давж заалдах шатны шүүх хурлаар Цөмийн энергийн газрын давж заалдсан нэхэмжлэлийг хэлэлцээд өмнөх шатны шүүхийн шийдвэрийг үндсэнд нь хэвээр үлдээн, “Төв Азийн уран” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Цөмийн энергийн газар удаа дараа хүчингүй хэмээн мэдэгдэж байсан нь хууль бус байсныг дахин нотолсон байна.
Харин Цөмийн энергийн газрын даргын өнгөрсөн оны 10 дугаар сард гаргасан 141 дүгээр тушаал нь ураны тусгай зөвшөөрлүүд эзэмшиж байсан бүх компаниудад хамаарах бөгөөд тэдгээр тусгай зөвшөөрлүүдийг дахин шинэчлэн бүртгүүлэх хүртэлх харилцааг зохицуулах үүрэгтэй байсан гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, уг тушаал өөр харилцааг зохицуулж байсан учир түүний “Төв Азийн уран” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагагүй гэж тогтоов.
Ийнхүү олон улсын хэмжээнд маргаан үүсгээд байгаа “Дорнод уран” орд дахь тусгай зөвшөөрлийг Цөмийн энергийн газар хүчингүй болгосноороо Захиргааны болон Дээд шүүх дээр хоёр дахиа уналаа. ЦЭГ-ын албаны эх сурвалжийн хэлснээр, хяналтын шатны шүүхэд дахин давж заалдах, эсвэл шүүхийн шийдвэрүүдийг хүндэтгэж “Төв Азийн Уран” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шинэчилсэн бүртгэлд хамруулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
“Төв Азийн уран” ХХК-ийн Мар дай дахь “Дорнод” ордын 21 хувь нь төрийн өмчийн “МонАтом” ХХК-ийнх, 21 хувь нь ОХУ-ын төрийн мэдлийн ком панийнх бол 58 хувийг Канадын “Хан Ресурс” компани 1998 оноос хойш эзэмшиж ирсэн. Энэ хугацаанд “Хан Ресурс” компани дангаараа 20 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулсан гэсэн мэдээлэл бий. Харин сүүлийн үед үүссэн энэ маргаан нь ОХУ-ын шахалтаар гуравдагч түнш болох Канадын “Хан Ресурс” компанийг зохиомол шалтаг, зөрчлөөр шалтаглан тусгай зөвшөөрлийг нь хураан авч шахан гаргах, улмаар Монгол, ОХУ-ын талууд “Дорнод Уран” хэмээх компани байгуулахаар хүчээр шахахад чиглэж буй талаар Монголд төдийгүй олон улсын хэмжээнд хэвлэлийн дуулиан дэгдээсэн.
Канадын тал энэ талаар өөрийн байр суурийг илэрхийлж, “Хан Ресурс” компани Монгол Улсын Цөмийн энергийн хуулийн дагуу Монголын төрд 51 хувийг нь үнэ төлбөргүй өгөхийг зөвшөөрсөн төдийгүй сарын өмнө Оросын талын АРЗ компанийг бизнесийн үйл ажиллагаанд нь хохирол учруулсан гэх үндэслэлээр олон улсын арбитрын шүүхэд өгч, 300 гаруй сая доллар нэхэмжлээд байгаа билээ.
Эх сурвалжийн хэлснээр Канадын “Хан Ресурс” компани үүнээс гадна бас нэг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд Цөмийн энергийн газраас мөн хүчингүй болгосныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх мөн хууль бус гэж тогтоожээ. Цөмийн энергийн газар үүнийг хүлээн зөвшөөрч, давж заалдаагүй бөгөөд шүүхийн тогтоол хүчин төгөл дөр болоод байгаа аж.
Маргаан хууль, шударга ёсны дагуу шийдэгдэхгүй бол олон улсын арбитрын шүүхэд хандахаа зарласан тэд одоогийн байдлаар ямар ч байсан Монголд яллаа. Үүний улмаас Торонтогийн хөрөнгийн бирж дэх хувь цааных нь үнэ өнгөрсөн тавдугаар сараас эхлэн 0.22 канад доллар болтлоо унасан бөгөөд сүүлийн хэдэн сарын турш ханш нь “царцаад” байсан юм. Харин өчигдрийн байдлаар 0.45 канад.долларын ханштай байсан нь өмнөх өдрийнхөөс 18,2 хувиар өсчээ.
Д.ОЮУН