С.Батболд Ерөнхий сайд болмогцоо Парламентын индрээс ийн хэлж байснаас хойш нэг жил боллоо. Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд ингэж хэлсэн нь 2009 оны аравдугаар сарын 29-ний өдөр юм. С.Батболдын тэргүүлж байгаа хамтарсан Засгийн газар С.Баярын үед шаваа тавьсан. Түүний гаргасан “стандарт бус” шийдвэрийг АН хүлээж авсан нь одоо л улс төрийн хүрээний зарим хүн хонзон өвөрлөөд ч юм уу, элдвээр ярих гээд байгаа болохоос биш монголчуудын хувьд аз тохиосон явдал байсан гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй байх аа.
Бид 10 нэлээн гаруй жилд алдсанаа энэ хамтарсан Засгийн газрын үед нөхсөн гэж хэлсэн ч буруудахгүй санагдана. Тэгэхдээ энэ Засгийн газрын үед хийсэн нэлээд ажил түрүү түрүүчийн Танхимын үед эх суурь нь тавигдсан нь зүй ёсны юм. Төр, засгийн үйл ажиллагаа залгамж чанартай байдаг болохоор ийм ч байхаас аргагүй. Тухайлбал, уул уурхайн томоохон ордуудаа ашиглах үйл хэрэг хэд хэдэн Засгийн газар дамжиж байж өнөөгийн гүйцэтгэх засаглалын өнгөн дээр бүтээн байгуулалт нь өрнөж эхэллээ. Эрдэс баялгийн салбартаа бид их найдвар тавьж буй.
Чухам хөрсөн доорх баялгийн маань ачаар дэлхийн хараа ч бидний зүг чиглэх болсон. Их бүтээн байгуулалтын салхийг Оюутолгой хагалсан. Стратегийн ач холбогдолтой хэд хэдэн орд түүний ард бий. Тавантолгойн нүүрсний орд л гэхэд өгөөжөө бидэнд хайрлах цаг тун ойрхон боллоо. Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд хүргэх их цувааны түрүүч хоёр өдрийн өмнө Улаанбаатарын галт тэрэгний буудлаас хөдөллөө. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг тодорхойлсон нь ч үүнд түлхэц болсон нь мэдээж. Ийм бодлого олон жил тун бүрхэг байсан юм. Бизнес эрхлэгчид энэ Засгийн газрыг итгэл, горьд логын нүдээр харсан гэхэд хилсдэхгүй болов уу. Ерөнхий сайд нь бизнесийн мэдрэмжтэй хүн байснаас тэр. С.Батболд 2010 оныг бизнесийн орчныг шинэчлэх жил болгож зарласан нь горьдлого дэмий зүйл байгаагүйг харуулсан. Засгийн газрын энэ шийдвэр бизнес эрхлэгчдийг ирээдүйдээ итгэлтэй болгож, тэдэнд урам хайрласан нь эргэлзээгүй.
Оны эхээр эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулсан нь бүр ч найдвар төрүүлсэн. Одоогийн Засгийн газар эдийн засгийг улстөржүүлэхгүй байж чадав. Ер нь улстөржих гээч юм энэ Танхим дотор байгаагүй. Хамгийн наад зах нь С.Батболд Танхимаа бужигнуулсангүй. С.Баяраас хүлээж авсан тэр л бүрэлдэхүүнээрээ ажиллаж ирлээ. Монгол Улсыг Оюутолгой, Тавантолгой бус монгол хүний толгой авч явна гэж Ерөнхий сайд үздэг юм билээ. Энэ үндсэн дээр стандарт гээч юманд нэлээн анхаарч байна. Боловсролын салбарт Кэмбрижийн стандартыг мөрдөхөөр, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд Европын стандартыг нутагшуулах зорилт тавьж буй. Стандарт бол бид өөртөө тавьж буй хатуу шаардлага, хөгжлийн нэг үндэс юм.
Товчдоо хэлэхэд дэлхий бидний зүг “толгойгоо” эргүүлж байна. Тэр ч бүү хэл эдийн засгийн хүчтэй тоглогч болно гэж хөөргөхөд хүрэв. Ний нуугүй хэлэхэд ийм ирээдүй бидэнд байх нь байгаа юм. Түүнд хүрэх эсэх нь биднээс үлэмж шалтгаална. Тодруулбал Ерөнхий сайдын хэлээд байгаа “монгол хүний толгой” үүнийг шийднэ.