Коммунизмын сүүлчийн цайз болон үлдсэн БНАСАУын удирдагч халаагаа өгөх гэж байгаа тухай сэдэв аравдугаар сард дэлхий нийтийн анхаарлыг хамгийн их татсан. Эрүүл мэндийн хувьд доройтсон Ким Чен Ирийг чухам хэн залгамжлах вэ гэдэг асуудал гол нь байв.
Энэ сард хуралдсан СХН-ын бага хурлаас түүний отгон хүү Ким Чен Ун засгийн эрхийг эцгээсээ шилжүүлэн авах нь үндсэндээ тодорхой болов.
Өрнөдөд боловсрол эзэмшиж, өвөө, аав хоёрынхоо үлгэр дуурайлаар хүмүүжсэн, 30 нас ч хүрээгүй Ким Чен Уныг Цэргийн төв комиссын орлогч даргаар томилж, генерал цол олгоод зогсоогүй Төв Хорооны бүрэлдэхүүнд оруулсан нь Умард Солонгосын дээд удирдлагад удахгүй эрх шилжүүлэх үйл явц болохын угтлыг тодорхойлов.
Өвөг эцэгтэйгээ адилхан болохын тулд гоо сайхны мэс засал хүртэл хийлгэсэн байж магадгүй хэмээгдэж байгаа тэрбээр төрсөн ах Ким Чен Нам, Ким Чен Чхоль нараасаа шилэгдэн сонгогдсоны учир нь умард солонгос маягийн үзэл сурталд үнэнч, эрс шийдэмгий, эцгийнхээ байр суурийг ягштал баримталдаг, үнэнч тууштай зан чанарт нь оршиж байгаа хэмээн шинжээчид дүгнэж байна.