Ерөнхийлөгчийн албаа хүлээлгэн өгсний дараахан Н.Энхбаяр 524 сая ам.доллараар худалдан авсан гэх Баянзүрх дүүрэг дэх байрандаа У.Хүрэлсүхийг хэдэнтээ дуудсан гэдэг. Мань У.Хүрэлсүх гүрийгээд очоогүй гэсэн мэдээ бий. Харин У.Барсболд, Ц.Мөнх-Оргил нарын “уяатай” нөхөд нэг бус удаа буцаж гүйн, бууриа эргэсэн талаар тухайн үед улс төрийн хүрээнийхэн чих тавин, чимээ өгөн шивнэлдэж байв. Н.Энхбаярын хүн гэсэн тодотголын дор улс төрийн карьераа мухардалд оруулсан хүн олон.
Харин У.Хүрэлсүхийн хувьд Н.Энхбаярынх биш байх тусмаа оройлон гялалзах, улс төрийг өөрийнхөөрөө жолоодох боломж үлдсэн. Чухам эндээс Монголын улс төр Н.Энхбаяр ба түүнээс бусад гэсэн хэм хэмжээ, хэцүүхэн тойрогт хуваагдсаныг харж болно.
Одоо ч хэвээрээ байгаа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ид үед “мандан бадарч”, өндөр албан тушаалд “өргөгч краны” тусламжтайгаар хүрч байсан олон улстөрч эдүгээ нуувчиндаа бүгэн, нууцхан гунигтай алхаж яваа. Н.Энхбаярын тойрогт хамрагдсан атлаа хамраа цэвэрлэж чадсан хүн бол Ерөнхий сайд С.Батболд. Үүнийх нь төлөө түүнийг С.Баяр үнэлэн, Ерөнхий сайдын албаа алд цэнхэр хадгийн хамт алган дээр нь тавьсан билээ. Гэтэл У.Хүрэлсүх хэзээ ч Н.Энхбаярынх байсангүй, С.Баяр ч мөн адил энэ эрхмээр овоглож яваагүйг бид мэднэ.
Өөрөөр хэлбэл, Н.Энх баярыг даган дуурайж, тойрон хүрээлж асан хүмүүсийн дундаас зүй ёсны лидер төрж байсангүй. Харин ч түүний эсрэг зогсож, түүнд бялдуучлахаас татгалзаж явсан шазруун улстөрчдөд “өөрөөр амьдрах” боломж нээлттэй үлдэв.
Н.Энхбаярын үе дууссаныг эндээс мэдэрч болно. МАХН-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албыг 12 жилийн турш тасралтгүй хашиж явсан Н.Энхбаяр байтугай, түүний нэрийг шошго болгон зүүсэн хүн урагш алхахаа болив. Үүнээс тод чимээ, үүнээс илүү дохио гэж юу байх билээ. Нэгэн цагт тэрсэлдэж, тэнгэр газрын хооронд тэмцэж явсан Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нарт адил зүйл олон бий.
Хэн хэн нь сахилга батыг эрхэмлэгч. Магадгүй, сахилга бат хэмээгч нь яваандаа дарангуйллыг үүсгэдэг сөрөг талтай. Н.Энх баяр өөрийнхөө энэ л алдаанд бүдэрч унасан, гэхдээ ойчсоноо мэдрээгүй. Цэргийн хүмүүжил нь У.Хүрэлсүхийг алсдаа мөн л дарангуйлагч болгохыг үгүй гэх газаргүй. Ийм тохиолдолд энэ залуугийн мэдрэмжид л найдахаас аргагүй. 1996 онд Н.Энхбаярын эхлүүлж байсан шинэчлэл, өөрч лөлтийг шинэ үеийн хэмнэлээр, шинэ агуулгаар У.Хүрэлсүх 2010 онд эдүгээ “цэцэглүүлж” байна.
Аливаа өөрчлөлт шинэчлэл, түүнд шилжих явц тодорхой сахилга батыг шаардах нь мэдээж. Тухайн үед УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн МАХН-ынхан Н.Энхбаярын шийдвэрүүдийг үг дуугүй даган шуурч байсан бол эдүгээ У.Хүрэлсүхийн үе үүнээс ялгаатай. УИХ-д олонх болсон, эрх барьж, төр удирдаж буй МАХН-д У.Хүрэлсүхийг сонсох хэсэг бүлэг байхад гуядах хүн цөөнгүй. Чухам яагаад У.Хүрэлсүх МАХН-д өрнөж буй шинэчлэлийн гол дүр болсон нь анхаарал татаж байгаа юм.
Ерөнхий сайдын хувьд С.Батболд улс төр хийж, улаан тугаа мандуулаад явах нь зохимжгүй. Тиймээс У.Хүрэлсүх галыг өөр дээрээ дуудахаас аргагүй байдалд орсон, нөгөө талаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд гардан ажиллах үүрэгтэй нэгэн. Ийнхүү 2007 онд өөр аялгуугаар бичигдэж байсан Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нарын сөргөлдөөн гурван жилийн дараа илүү албан ёсны байр сууринаас дахин сэргэлээ. Н.Энхбаярт улс төрийн бахархлууд бий.
1996 онд УИХ-д 25 гишүүнтэй цөөнх болсон намыг удирдан зохион байгуулж, олонхийн эсрэг чадварлаг тоглолт өрнүүлсэн хүн бол яах аргагүй Н.Энхбаяр. Түүний шууд нөлөөгөөр АНаас сонгогдсон Ерөнхий сайдууд удаа дараа сууд лаасаа гулсан, зарим хууль тогтоомжуудад цөөн хийн үг илүү хүчтэй тусгалаа олсон байдаг. Ялагдсан МАХН-аас бүх хүн зугтаж байхад Н.Энхбаяр нийгмийн энэ уур амьсгалд салхи оруулж, ах намыг дахин моодонд оруулж чадсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
Харамсалтай нь тэр богино хугацаанд эвдэрсэн. Зусар үг, зулгуй бялдуучлагчид Н.Энхбаярыг өдөр ирэх тусам олон нийтээс тасалж, эрх мэдлийн торонд цоожилж амжсан билээ. Тэр цоожийг гаднаас нь эвдэхийг оролдон бослого гаргасан хүн нь У.Хүрэлсүх байв. МАХН-ын тугийг жанжин Сүхийн талбайд шатаасан иргэний хөдөлгөөнийхний эсрэг гудамжинд гарч жагссан анхны төрийн сайд мөн л У.Хүрэлсүх.
Онцгой байдлын сайд байх үедээ ийнхүү улаан хамгаалагч хочтой болсон тэрбээр дараахан нь намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр “Н.Энхбаяр аа, Монголын төр, МАХН-ыг танай авгай удирддаг юм уу, та удирддаг юм уу” гэсэн жинтэйхэн асуулга тавьж ёстой л шуугиан дэгдээж байв.
Цэнхэр дэлгэцээр мэдэгдэл хийж, “Н.Энхбаяр бол том дарангуйлагч. Энэ дарангуйлагчаас салаагүй цагт Монгол орон хөгжихгүй” хэмээн “эцэг удирдагчтай” аймшиггүй тэрсэлдэж асан У.Хүрэлсүх үүнийхээ лайг ч хангалттай үүрсэн гэж хэлж болно.
АТГ-т “Хадгаламж” банкны хэргээр шалгуулан байцаалт өгч, хоёр жилийн ял сонсож байсан түүний улс төрийн карьер Н.Энхбаярын хатуу ханыг мөргөн “хөөсөрч” асан түүх саяхных. “Хадгаламж” банкны хэрэг гэгдсэн асуудал У.Хүрэлсүхийн хувьд тус банкны мөнгөөр авсан пургон машин болон жижгэрч, улаан хамгаалагч хочтой энэ залуу шүүхийн хаалгыг ял зэмгүй ардаа хаасныг олон нийт санаж байгаа.
Тухайн үед Н.Багабандийн зоригжуулж хэлсэн ганц үг У.Хүрэлсүхэд Дээд шүүх хүртэл явах итгэл өгсөн гэдэг юм билээ. Гэтэл одоо Н.Энхбаярын үед өөрөөр амьдарч чадсан У.Хүрэлсүхэд МАХНын шинэчлэлийн зүг чигийг тодорхойлох хувь ирэв. МАХН уугуул нэрээ сэргээж, үзэл баримтлалаа тодотгон бая жуулахаар бэлтгэж байна. Бидэнд байгаа мэдээллээр МАХН-ын сум, аймаг, дүүрэг дэх үүрийн гишүүдийн дунд явуулсан санал асуулгаар 86 хувь нь уугуул нэрээ сэргээн МАН болохыг дэмжиж, 92 хувь нь үзэл баримтлалаа тодотгон баяжуулахын төлөө байгаагаа илэрхийлжээ.
Үүний нөгөө талд Н.Энхбаяр дахиад л хана босгож эхлэв. “Эв нэгдэл, шударга ёс, эрх чөлөө” хөдөлгөөн байгуулан хэлэлцүүлэг өрнүүлж, У.Хүрэл сүхийн бодлогын өөрчлөлтийн эсрэг бослого гаргахаас наагуур тэмцэл өрнүүлэв. У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын байр суурь солигдож, Н.Энхбаяр гудамжнаас, У.Хү- рэлсүх МАХН-ын индрээс удаа дараа хатуу мэдэгдлүүд хийлээ. Гэхдээ хэн хэн нь хэтэрхий дайсагналцахаас зайлсхийв. У.Хүрэлсүх өөрчлөлт шинэчлэлийн үр дүнд илүү анхаарч байгаа бол Н.Энхбаяр МАХН-д хуваагдал, талцал авчрахаас буцахгүй, улс төрийн ашиг хонжоо хүлээн нүүдэл хийж байна.
Тэд хэн хэнийхээ зан араншин, мөн чанар, сэтгэлийн хөдөлгөөн, алдаа оноог мэдэхийн сайнаар мэднэ. Яг өнөөгийн байдлаар Н.Энхбаяр У.Хүрэлсүхийг уурлуулахыг, уурандаа шатаж хийтэй алхам хийхийг нь хүсэж буй бол МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд асуудал арай өөрөөр харагдаж буй. У.Хүрэлсүхийг хурц лаад тавьчихвал хуудуутай алдаа гаргана гэж Н.Энх баяр тооцоолж, чухам ингэж чадвал МАХНын талыг, нэр нөлөөнийх нь хагасыг үүрээд гарна хэмээн харж байж болох талтай.
Тэгвэл Н.Энхбаяр өөрийн намаа алга ташилтын дор байгуулан, МАХН-д шоовдорлогдсон хэлмэгдэгчийн дүрд тоглоно. Харамсалтай нь У.Хүрэлсүх түүний хийж буй, хийх гэж байгаа нүүдлийг нэгэнт мэдэх болсон. Учир нь Н.Энхбаярын уур хилэн, учиртай шийдвэрүүдийн хор нөлөөг тэр хэнээс ч илүү мэднэ, бас хэнээс ч илүү үүрч гарсан нэгэн. Тиймээс ч бухтай тоглогчийн байр сууринаас асуудалд хандахыг хичээж байна.
Н.Энхбаяр нэгэн цагт бухтай тоглогч буюу матадор байхдаа У.Хүрэлсүхэд улаан дарцаг хэдийд харуулахаа мэддэг байсан. Харин У.Хүрэлсүх улайрсан буханд улаан дарцаг харуулах ч хэрэггүй гэдгийг мэдэх болсон. Тэд хэн хэнийхээ хувьд улаан дарцаг байв.
Урагшаа дайрч, эсэргүүцэн тулах шалтаг, шалтгаан нь байв. Тиймдээ ч У.Хүрэлсүх Н.Энхбаярын үед “өөрөөр амьдарч” чадсан. Намдаа үнэнч үлдэж, намынхаа төлөө байж чадсан. МАХНыг аврах нэрээр өрх тусгаарлаж, нам салган, хаяагаа хадраагүй. Тэгвэл одоо У.Хүрэлсүхийн шинэчлэлийн үед “өөрөөр амьдрах уу”, Н.Энхбаяр аа?