Бид нэг том ажлын ард гарав. Байнгын ажиллагаатай Парламент үүсэж бий болсны 20 жилийн ойг тэмдэглэнэ гэж лавтайяа хагас жилийн өмнөөс ярьсан байх. Түүнийгээ нэг юм тэмдэглэв. Уг нь их чухал түүхэн үйл явдал л даа. Монгол Улс урьд нь Парламенттай байсан. Ардын Их Хурал гэж байв. Тэр нь одоогийн УИХ шиг тогтмол ажилладаггүй, жилд нэг удаа хуралдсан болж, цөөн асуудлыг хэлэлцэлгүй баталчихдаг байсан юм. Тэр баталдаг асуудал нь ч чуулган болгонд адил байдаг.
Хэлбэрийн төдий гэж хэлж болохоор, хэдхэн хүний хүрээнд нэгэнт шийдчихсэн асуудлыг олон хүн баталгаажуулдаг янзтай. Монголчууд бид 20 жилийн өм нө түүхэн сонголт хийсэн нь Парламентын засаглал. Ойн үе эр мэдээж олон янзын, тэгэхдээ ёс лол, хүндэтгэлийн чанартай арга хэмжээ зохион байгуулав. Ёслолын ажиллагаандаа үе үеийн парла ментчдаа урилаа. Хөдөө гадаанаас улс ирэв. Манайд суугаа олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газрынхныг ч залж оролцууллаа. Олон хүний энгэрийг цоолов. Тэдний дотор сэтгүүлч цөөнгүй. Бидний эгнээнээс бүр гавьяат ч төрсөн. Баяр ингээд сайхан боллоо.

УИХ хүндэтгэлийн чуулган хийлээ. Түүн дээр Ерөнхий сайд, АН-ын дарга бөгөөд Тэргүүн шадар сайд ч үг хэлэх сураг урьд өдөр нь хүртэл сонсогдож байсан юм. Гэвч УИХ-ын даргаас гадна Ерөнхийлөгч л үг хэллээ. Тэр үг олны анхаарал нэлээн татаж байна. Хүмүүс янз бүрээр л үнэлж, цэгнэж байна. Энэ чинь л тэр үгийг хүмүүс анхаарсны илрэл. Манай сонины хувьд уг үгийг энэ долоо хоногийн төдийгүй Парламентын 20 жилийн ойн үеэр тохиосон содон үйл явдал гэж үзэж байна.
Аливаа улсын төр, засгийн тэргүүн ямар нэг түүхэн арга хэмжээний үеэр жинтэй үг хэлэх нь түгээмэл байдаг зүйл. Уг арга хэмжээ нь их ач холбогдолтой биш байлаа ч гэсэн түүн дээр хэн нэгэн сайн үг хэлбэл тэр арга хэмжээний нэр хүндийг өргөөд л явчихна. Дэлхий дахинд хэрэгтэй шийдвэр гарахад нөлөөлөх хэмжээний улсын удирдагч бол ийм үгийг заавал эх орныхоо хаа нэгтээ хэлэх ч албагүй.
Ерөнхийлөгчийн үгэнд нэлээн өртсөн нь УИХ, Засгийн газар хоёр. Ер нь аль ч улсын Засгийн газар нь тэр улс ямар засаглалтайгаас үл хамааран хамгийн чухал штаб байдаг юм шиг байдаг. Улс орны хувь заяа үндсэндээ түүний гарт байдаг.
Манайх Парламентын засаглалтай гэх боловч УИХ хууль тогтоох эрх мэдлийг л эдэлдэг. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргадаг, түүнийг нь Засгийн газар хэрэгжүүлдэг юм. Тийм болохоор Засгийн газар хэл аманд өртөхгүй байхын аргагүй. Хэчнээн сайн ажиллаж байсан ч түүнээс өө олдоно.
Энэ удаа өртсөн нь ч бас ийм учиртай гэж хэлж болно. Өөрсдийгөө муу хэлүүлэхгүй байх, магтуулахын тулд мөнгө хөлсийг хайрлахгүй цацаж байна. Энэ Засгийн газрын хамгийн сайн чадаж байгаа юм нь энэ гэж Ерөнхийлөгч хэллээ. Ерөнхий сайдыг 20 шахам хоног эзгүй байх нь гэж манай сонин нэгэнтээ шүүмжилснийг уншигчид санаж буй байх.
“Айлчлал хийсэн Ерөнхий сайд минь арай дэндүү удах нь байна шүү” гэсэнд доогуурх хүмүүс нь лав нэлээн эмзэглэсэн. Энэ эмзэглэлийг манай сониныхноос өөр хэвлэл мэдээллийнхэн мэдээгүй, тэр ч бүү хэл Ерөнхий сайд ч мэдээгүй өнгөрсөн байж мэднэ. Тэгэхдээ доорх хүмүүс нь шүүмжлэлд цочмог хандана гэдэг тэдний дээр ямар хүн байгааг давхар илтгэх бус уу.
Дарга, ялаа хоёрыг сониноор “алдаг” гэсэн үг байдаг нь магтаал хүний толгойг эргүүлсээр байгаад хэн ч биш болгочихдог гэсэн утгатай болохоос, шүүмжилсээр байгаад “нүдийг нь аниулчихдаг” гэж буй юм биш шүү дээ. УИХ-аар хэлэлцүүлэхээр тавьсан асуудлаа ганц нэг гишүүний шүүмжилсэн төдийгөөр буцаагаад авчихаж байгаа нь Засгийн газар ажил үүрэгтээ хэрхэн хандаж буйн илрэл гэхээс өөр яалтай.
Хэрэв Засгийн газар уг асуудлыг үндэслэлтэй боловсруулсан бол түүнийгээ зад хамгаалаад, шүүмжлэх гэж оролдсон гишүүд харин үгээ буцааж авах байсан биз дээ.
Монгол орны зүүн тал шүлхийд эзлэгдээд хоёр сарын нүүр үзэж, ганц төлийн төлөө ч амиа тавих шахаж явж малаа өсгөдөг малчдынхаа амь зуулга болдог эрдэнэт сүргийг олон мянгаар нь устгаж, хог шиг булж байхад Засгийн газраас хариуцлага нэхэв үү хэмээн УИХ-ын эрхэм гишүүдийн нүүрийг бас төрийн тэргүүн улалзуулаад авлаа. Бээжинд, Москвад байсан ард түмний эрх мэдлийг үндэсний эрх чөлөөний болон ардчилсан хувьсгалын ачаар Улаанбаатарт авчирсан байхад л УИХ, Засгийн газрын халаасанд гацчихаад байгааг Ерөнхийлөгч нуусангүй. Тэрбээр ард түмэндээ, орон нутагт нь эрх мэдлийг өгөхийг шаардлаа.
Хөвсгөлийн нэг суманд эмнэлэг барих эрхийг тэндхийнхэн мэдээгүй байхад Улаанбаатарын нэг компани авчихсан байдгийг, Увсын Түргэн сумын хүний эмнэлгийн тэрэг ний дугуйг яаж нөхөх талаар УИХ-ын танхимд ярьж байдгаа боль гэлээ. Улаан гараараа хамгийн хүнд ажил хийж байдаг иргэддээ гар татдаг хэрнээ манай төр чанаргүй бүтээгдэхүүн, вакцин “шахагчдыг” өөгшүүлж байдгийг олон түмэнд зарлалаа.
Дэлхийн улсуудын Засгийн газар төрийн албыг цомхон болгох зоримог шийдвэр гаргаж байхад манайд “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын тоог мянга мянгаар нь нэмэх санал гаргаж буйг буруушаалаа. Эцэст нь төрийн хийж чадаад, оролцоод байгаа ажлыг иргэдээ хийж чадахгүй гэж үздэг төр харалган гэж “шоолоод”, энэ байдлыг өөрчлөх хуулийг санаачлахаа амлаж, төслийг нь дэмжихийг түшээдээс хүслээ.
И.Ренчинханд