НН, ИЗН хоёр нэгдэх тухай өнгөрсөн хавраас л ярьсан. Хоёр талаасаа ажлын хэсэг байгуулаад нэлээд ярилцсан ч ИЗН хариугаа өгөлгүй өдий хүрсэн юм. Өнгөрсөн долоо хоногт ИЗН-ын Улс төрийн зөвлөл хуралдаад дээрх саналыг дэмжсэн. Энэ сарын 20-нд болох тус намын Үндэсний хорооны хурлаар эцсийн шийдвэр гаргана.
Тэгвэл уг хоёр нам дээр Иргэний хөдөлгөөний нам (ИХН) нэмэгдэхээр болжээ. Өнгөрсөн баасан гаригт тус намын Улс төрийн зөвлөл хуралдаад нэгдэх талаар Ногоон намаас тавьсан саналыг дэмжсэн байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг ИХН-ын их чуулганаас гаргах аж. ИЗН-ын байдлыг харзнаж байгаад тэд хурлын товоо зарлах нь. 2008 онд ИХН, Ногоон нам, МСДН хамтран “Иргэний эвсэл” байгуулж сонгуульд оролцсон. Тэгээд НН эвслээ төлөөлж УИХ-д суудалтай болсон. Энэ үеэр байгуулсан хамтран ажиллах гэрээ одоо ч хүчинтэй учраас ИХН-ынхан Ногоон намын эмхлэн байгуулах улс төрийн шинэ хүчинд нэгдэхээр болж байгаа аж. Гуравдагч хүчний намууд ийнхүү хүчээ нэгтгэж байгуулах шинэ намаа Иргэний зориг-Ногоон нам хэмээн нэрлэхээр төлөвлөж буй юм билээ.
Нэрний тухайд ИХН-ынхан “барьцахгүй” гэнэ. Улс төрийн намын тухай хуулийн дагуу эдгээр нам нэгдэхийн тулд бусад нь татан буугдах учиртай. НН 1990 онд байгуулагдсан, Дээд шүүхэд гуравдугаарт бүртгэлтэй учир түүний нэр дээр нэгдэх үйл ажиллагаа өрнөх юм байна. Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлд байгуулагдсанаараа ИХН татан буугдана гэсэн үг аж.
З.Алтай “ганцаардахаа” болино
Шинээр байгуулагдах дээрх улс төрийн хүчинд УИХ-ын цорын ганц бие даагч гишүүн З.Алтай ч нэгдэх сураг гарлаа. Одоогийн Парламентад гуравдагч хүч нийг төлөөлсөн С.Оюун, Д.Энхбат нараас гадна бие даагчдыг З.Алтай төлөөлдөг. Тэд чуулганы танхимд тохой залган суудаг юм. Олонх доторх “цөөнх” болдог энэ гурав хоорондоо нэлээд түнш, хамтран ажиллах талаар ч ярьдаг. С.Оюун, Д.Энхбат хоёрын нам нэгдэх нь тодорхой болж байгаа тул З.Алтай ч найзуудаа бараадахаар төлөвлөж буй гэнэ. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, холимог системтэй байхаар УИХ ярьж буй. Энэ хувилбарыг баталбал УИХ-ын 76 гишүүний 50-ыг пропорциональ, 26-г нь мажоритари системээр сонгоно. Ийм тохиолдолд улс төрийн ямар нэг намын харьяалалгүй, бие даагч гишүүнд сонгогдох боломж эрс багасах юм.