Донорын цуснаас ХДХВ илэрсэн гэсэн мэдээлэл гарснаас хойш цусаа өгөх иргэд цөөрч, улмаар эмнэлгүүд цус,
цусан бүтээгдэхүүний хомсдолд орж эхэлсэн билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн бямба
гаригт Цусны төвд цусаа өгч,донор болов.
Түүний хамтурлаг, спортын төлөөлөл болж хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, дуучин Д.Болд нар мөн энэ төвд цусаа өгсөн юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд манай улсад цусны донорын тоо гурав дахин өссөн ч төрөл бүрийн осол гэмтэл, төрөлтийн хүндрэл, хорт хавдар өдрөөс өдөрт нэмэгдсэнээр цусны хэрэгцээ ч ихэсчээ. Дэлхийн жишгээр 1000 хүн тутамд 30-40 донор байвал цусны хангамж хэвийн гэж үздэг бол манай улсын 1000 иргэнд найман донор ногддог байна.
Хэрэв цусны төвд өдөрт 150-300 донор цусаа өгвөл нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн эмнэлгүүдийг цус, цусан бүтээгдэхүүнээр бүрэн хангах боломжтой юм байна. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цусаа бэлэглэх буянтай үйл сэд нэгдэж, нэг ч гэсэн хүний амь аврахыг иргэддээ уриаллаа. Манай улс 16000 донортой юм байна.
Эрэгтэй хүн хоёр сард, эмэгтэй хүн гурван сард нэг удаа 350-450 мл цус өгөх боломжтой гэж үздэг аж. Ийнхүү цусаа өгөхөд бүх төрлийн нарийн шинжилгээ авдаг тул донор болсноор шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой аж. Нэг удаа өгсөн цусаар гурван хүний амийг аврах боломжтой тул цусаа өгч, нэгэндээ амьдрал бэлэглэхийг Э.Бадар-Ууган, Д.Болд нар залуустаа хандан уриалсан.
Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХДХВ-ийн халдвартай цус тархсан эсэхийг Цус сэлбэх үндэсний төвийн захирал Д.Улаанхүүгээс лавлахад “Манай төв олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй. Бүх донорын цусыг цусаар дамждаг өвчнөөс сэргийлэх үүднээс шинжилгээнд хамруулдаг.Технологийн дагуу бүтээгдэх үүн болгон зохих журмын дагуу хадгалдаг. Тиймээс донорын цусаар дамжиж нэг ч хүнд халдвар тархаагүй гэдгийг хэлье. Уг цусыг аюулгүй болгож устгасан” хэмээн мэдэгдэв.
Тус төв өдөрт 100-200 хүнээс цус авах боломжтой гэнэ. Хэрэв энэ төв гамшгийн бүсэд орвол эмнэлгүүдийг цусаар хангах өөр газар байхгүй тул хоёр дахь төв байгуулж өгөхийг Д.Улаанхүү Ерөнхийлөгчөөс хүслээ. Түүнчлэнаймаг, дүүргүүдийн төсөвт жил бүр 10 сая төгрөг тусгаж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй сурталчилгаа сар бүр тогтмол гаргадаг болох, донорын урамшууллыг нэмэгдүүлэх зэрэг ажилд туслахыг хүссэн юм. Цус сэлбэх үндэсний төвийнхөн хүн амынхаа 1-2 хувийг донор болгохоор ажиллаж байна.
Р.ОЮУН