УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар ирэх оны улсын, нийгмийн даатгалын, Хүний хөгжил сангийн төсвийн төслийг хэлэлцжээ. Энэ долоо хоногт эдгээрийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ хийх юм. 2011 онд 760 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөлд тусгасныг АН-ынхан онцлон авч үзжээ. Уг мөнгийг Оюутолгойн ордын урьдчилгаа төлбөрөөс олно хэмээн Сан гийн сайд тайлбарлаж байгаа ч төсвийн төсөлд 76 тэрбум хэмээн бичсэн байгаа аж. Хэлэлцүүлгийн үед ард нь “О” нэмэх хэрэг гарна гэсэн үг. Ингэвэл орлого, зарлага гээд бүх тоо “хөдлөх” болно. Энэ мэтээр анхаарч ярих зүйл бий учир АН-ынхан Ажлын хэсэг байгуулжээ. Түүнийг гишүүн Д.Ганхуяг ахална.
Энэ тухай АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр, Ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг, гишүүн З.Энхболд, Л.Гүндалай нар өчигдөр мэдээллээ. АНынхан бүлгийн хуралдааны дараа мэдээлэл хийхдээ онцгой санал гаргасан гишүүн, Ажлын хэсгийн ахлагч нараа байлцуулж байхаар болсон аж.
Д.Ганхуяг: -Жил бүрийн төсөвт урсгал зардал нэмэгдэж байна. Төсвөөс цалин авдаг хүний тоо 160 мянга давсан. Төсвийн зардал ДНБ-ий 38.5 хувьд хүрлээ. Оюутолгойн урьдчилгаа төлбөрөөс 250 сая, иргэн бүрт сард 21.000 төгрөг олгоход 470 сая, нийт 620 сая долларыг дараагийн УИХ, Засгийн газарт олгох орлогоос зээлж байна гэсэн үг. Ирэх оноос 68 хувийн татвар хүчингүй болж байгаа ч гэсэн НӨАТ-ын шаталсан татварын хуулийг УИХ яаралтай хэлэлцэх хэрэгтэй гэж АН үзэж байгаа. 68 хувь биш ч гэсэн 20-30 хувиар татвар тогтоох учиртай. Төсвөөс түрүүлж уг хуулийг батлаад дээрх татварын хувийг төсөлд тусгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
З.Энхболд: -Ерөнхийлөгч өөс өргөн барьсан Орон нутагт төсвийн эрх мэдэл өгөх тухай, мөн НӨАТ-ийн шаталсан хууль, Төсвийн тухай ерөнхий хуулийг төсвийн төслийг батлахаас өмнө хэлэлцэн шийдэх ёстой гэсэн саналыг би Бүлгийн хурал дээр дэвшүүлсэн.
АН-ынхан Ерөнхийлөгчийн УИХ-ын тогтоолд тавьсан хоригийг хэлэлцээд мөн дэмжжээ. Оюутнуудад тэтгэлэг олгох хуулийг хэлэлцээгүй байж Ерөнхийлөгчийн цалинг нэмэх тогтоол баталсныг Төрийн тэргүүн эсэргүүцэж, хориг тавьсан билээ. Л.Гүндалай гишүүн сонгуулийн санал хураалтыг будилаангүй явуулж, хянах тоног төхөөрөмжийн зардал 26 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгах санал гаргасан юм байна.