Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Бямбадорж, П.Очирбат нарын бүрэн эрхийн хугацаа дуусаж, улмаар улируулан томилох асуудлыг УИХ хэлэлцээд дэмжсэн. Гэвч Шүүхийн тухай хуульд зааснаар насны дээд хязгаар 65 байх ёстой учир П.Очирбатыг Цэцийн гишүүнээр улираах нь хууль зөрчинө гэж Хууль зүйн байнгын хороо үзсэн юм.
Энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хэлэлцээд УИХ-ын даргад “Хууль зөрчөөгүй” гэсэн тайлбар хүргүүлэхээр боллоо. Шүүхийн тухай хуульд насны доод, дээд хязгаар заасан ч Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд дээд хязгаар заагаагүй аж.
Нөгөө талаар “65” гэсэн насны хязгаар нь орон тооны төрийн албан хаагчид үйлчлэх гэнэ. Гэтэл П.Очирбат Цэцийн орон тооны бус гишүүн учир уг заалтыг дагах албагүй юм байна. Эдгээрийг үндэслэл болгон хууль зөрчөөгүй гэдгээ Байнгын хороо баталгаажуулав.
Цэцийн есөн гишүүнийг гурав гурваар нь Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс санал болгодог. Тэдний гурав нь орон тооны, бусад нь орон тооны бус байх хуультай. “Төрийн албан хаагч орон тооны байж болдог юм уу. Та нар П.Очирбат гуайд зориулж хууль тайлбарлаж болохгүй” хэмээн Д.Энхбат шүүмжилсэн ч “Тийм зүйл байхгүй.
Цэц бол шүүх, Хяналтын зөвлөл хоёрын дундын байгууллага” гэсэн хариуг Д.Лүндээжанцан өгөв