Өчигдөр буюу 11-р сарын 03-ны “Зууны мэдээ” сонин дээр Н.Энхбаяр МАХН-ын XXVIих хурал болохын өмнөхөн ил захидлыг бичиж гаргасан юм. Тус ил захидлын хэсгээс дурьдвал ...” Чин улсад гарсан Синьхай хувьсгалын нөлөөгөөр 1911 онд Монголд Үндэсний хувьсгал гарч, монголчууд тусгаар тогтнолоо сэргээх чухал алхам хийсэн.
1912 онд Сунь Ятсэн тэргүүтэй тэр үеийн Хятадын удирдагчид Гоминдам нам буюу Хятадын Ардын Намыг байгуулсан. 1921 онд Монгол Ардын Намыг байгуулахдаа намын нэрийг тэр үеийн Хятадын Ардын Намын нэрээс санаа авч өгсөн нь ойлгомжтой.
Хожим нь МАН МАХН гэсэн нэртэй болсон. Энэ нэрийг тэр үеийн Зөвлөлтийн нөхдийн нөлөөн дор өөрчилсөн нь ч ойлгомжтой.
Энэ бол намын туулж ирсэн түүх. Энэ түүх юугаараа гологдоод байгаа юм бэ? гэсэн асуулт өөрийн эрхгүй төрөн гарч ирж байна. Тийм учир ямар сонгуульд унахыг ёрлож байгаа биш унаагүй мөртлөө намын нэр, үзэл баримтлалаар “оролдоод” хэрэггүй гэж үзэж байна... гэсэн байсан юм.
Тэгвэл өнөөдөр МАХН –ын их хурлын төлөөлөгчид энэхүү ил захидалд маш буруу ташаа мэдээлэл гарсан гэж үзэн хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд МАХН-ын нэрийн тухай түүхийг өгүүлэхдээ:
Доктор Сунь Ятсен “Тунмынхой” буюу “Ардын гурван зарчмын” үзэл санаа гэгчээ 1914 онд улс төрийн нам болгосон нь эдүгээ Тайваньд буй үндсэрхэг Гоминдан нам юм. Анхандаа Хятадын Хувьсгалт Нам буюу “Жунхуа Гэминдан” гэж /манайхны гамин цэрэг гэдэг нь “хувьсгал цэрэг” гэсэн үг/ нэрлэсэн, яваандаа бүх улсыг хамраад ирмэгц Улс Ардын Нам буюу Гуо Миндан гэх болсон юм.
“Хувьсгалт” гэдэг нь хятадуудын сэдэл юм. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр та намын нэр хүндэд халдалгүй, бусад үе үеийн ерөнхийлөгчдийн адил сайхан дурдатгал номоо бичээ л явж бай гэлээ.
Б.Энх-Уянга