НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Тээврийн хорооны 2 дугаар хуралдаан 2010 оны 11 дүгээр сарын 1-3-ны өдөр Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо болж өнгөрлөө. АНДЭЗНК-ын хурлын шинэ бүтцийн дагуу байгуулагдан 2 жилд нэг удаа хуралддаг уг хорооны энэ удаагийн хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 30 орчим улсын Засгийн газрын 100 гаруй төлөөлөгч оролцов.
Хороо Ази, Номхон далайн бүс нутагт тээврийг хөгжүүлэх Пусаны тунхаглал болон Бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, бүс нутгийн харилцан холбоог сайжруулахад тээврийн бодлого, дэд бүтэц, тээврийг хөнгөвчлөх, логистикийн асуудлаар улс орнуудын гаргаж буй амжилт, тулгарч буй бэрхшээл зэргийг хэлэлцэж, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулж, авто болон төмөр замаар тус бүс нутагт явагдах тээвэрлэлтийг хөнгөвчлөн хөгжүүлэх нь бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулахыг хүлээн зөвшөөрлөө. Төлөөлөгчид мөн Азид хуурай боомт байгуулах тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийн бүтэц, 2011 оны 11 дүгээр сард болох Сайд нарын бага хурлын бэлтгэл зэрэг тодорхой сэдвээр ярилцав. Өнгөрсөн оны 12 дугаар сард Бангкок хотноо болсон Азийн тээврийн сайд нарын чуулга уулзалтаар тунхаглал баталж хурдны зам, төмөр зам, тээврийн бусад төрлийг нэгтгэсэн хуурай боомт байгуулах тухай хэлэлцээрийн төсөл боловсруулахаар болсон билээ.
Хорооны хуралдаантай зэрэгцэн Азийн хурдны зам болон Транс-Азийн төмөр зам дагуу хуурай боомт байгуулах асуудлаар бүс нутгийн шинжээчдийн бүлгийн уулзалт болж, хуурай боомт байгуулахтай холбогдон үүсч буй хууль тогтоомж, зохион байгуулалт, зохицуулалтын болон техникийн буюу үйл ажиллагааны чанартай асуудлуудаар санал солилцон зөвлөмж гаргалаа. Хуурай боомт нь худалдааг хөнгөвчлөх талаар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд онцгой ач холбогдолтой юм.
Хорооны хуралдаан болон шинжээчдийн бүлгийн уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж ЗТБХБЯ-ны харьяа Авто замын газрын орлогч дарга Р.Онон тэргүүтэй төлөөлөгчид оролцож, манай Засгийн газраас явуулж буй үйл ажиллагаа, түүний дотор Азийн хурдны замын сүлжээний АН-3, АН-4, АН-32 чиглэлийн замуудыг барих явц, манай улсад дөрвөн хуурай боомт байгуулахаар төлөвлөж буй талаар танилцуулав.
Хорооны хурлын үр дүнг 2011 онд болох АНДЭЗНК-ын 67 дугаар нэгдсэн чуулганд оруулах юм.
АНДЭЗНК-ын Тээврийн хорооны 2 дугаар хуралдаан болон Комиссын тээврийн асуудлаархи үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг http://www.unescap.org/ttdw/ хаягаар авах боломжтой.