ХДХВ-ийн халдвартай донорын цусыг 14 хүнд хэрэглэсэн гэх мэдээллээс хойш Нийслэлийн клиникийн эмнэлэг, амаржих газрууд болон орон нутгийн зарим эмнэлгүүд цус, цусан бүтээгдэхүүний хомсдолд орсон. “Бие биедээ амьдрал хайрлая” гэж олон нийтийг уриалж буй энэ цаг үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цусаа өгч, олны танил урлаг, спортын одод ч энэ ажилд оролцож байна.
УИХ дахь АН-ын бүлгийнхэн өнгөрсөн даваа гаригт хуралдаж, “Цусны төвд очиж, цусаа өгье” гэсэн Л.Гүндалай гишүүний санаачилгыг 100 хувь дэмжиж өчигдөр цусаа өглөө. Тэднээс хамгийн эхэнд УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Л.Гүндалай, Д.Ганхуяг нар ирлээ.УИХ-ын гишүүн Д.Ганхуяг өмнө нь цусаа өгч байсан бол Ч.Сайханбилэг, Л.Гүндалай нар анх удаа өгч байгаа аж.
Энэ үеэр Л.Гүндалай гишүүнээс цөөн асуултад хариу авлаа.
-Та ямар бүлгийн цустай вэ. Хэчнээн грамм цус өгөв?
-Хоёрдугаар бүлгийн цустай, сая 400 грамм цус өглөө.
-Эрүүл мэндийн сайд байсан хүн санаачилга гарган, ирсэнд талархаж байна?
-Баярлалаа. Улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний хомсдолд орсон талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийнхэн маш сайн дамжуулж, нийтэлж байна. Тэр бүхнийг харж, сонсоод өөрийн эрхгүй цусаа өгөх хэрэгтэй гэж бодлоо. Ерөнхийлөгч өөрийн биеэр ирж, цусаа өгсөн. Гэтэл бид суугаад байж болохгүй. Тиймээс бүлгийнхэндээ энэ талаар хэлэхэд тэд ч 100 хувь дэмжлээ гэв.
УИХ дахь АН-ын бүлгийн гадаад, дотоодод ажиллаж байгаа есөн гишүүнээс бусад нь цусаа өгөхөөр болжээ. Ийнхүү олны танил хүмүүс цусаа өгч байгаа нь цусны нөөцийг нэмэгдүүлэхэд ихээхэн тус болж байгаа талаар дээрх төвийн ажилтнууд хэлж байв. АН-ын гишүүд цусаа өгч байхад хүнд өвчинд нэрвэгдсэн хүмүүст цусаа өгөх иргэдийн дараалал үүсэж байлаа.
Д.ЭРДЭНЭ