Гишүүд аливаа ашиг сонирхлын зөрчилтэй хуулийн төсөл хэлэлцэж, ам нь халсан үедээ нэгнийхээ буруу булхайг илчлэх нь цөөнгүй. Ийм нэг явдал УИХ-ын чуулганы лхагва гаригийн хуралдаанаар Дархлаажуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх үед болов. Уг төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж бага насны хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулж байх, хяналтыг сайжруулах зэрэг асуудал хөндсөн юм.
Зарим төрлийн вакциныг ч өөрчлөх аж. Үүнийг дэмжиж үг хэлсэн Г.Баярсайхан Л.Гүндалай хоёрын хооронд бяцхан маргаан үүсэв. Эмч мэргэжилтэй тэрбээр экологич гишүүнийг дайруулан “Мэдэх мэдэхгүй хүмүүс олон юм ярьж байна” гэж л дээ.
Үүнд нь дургүйцсэн Г.Баярсайхан түүний булхайг илчлээд орхиж. Хөвсгөлөөс сонгогдсон гишүүн БНСУ-аас зарим төрлийн вакцин оруулж ирдэг нь дээрх хуулийг баталчихвал хаагдчих гээд байгаа гэнэ.
Энэ талаар Г.Баярсайхан “төрд орж ирсэн хулгайч” хэмээн түүнийг тодорхойлж, “Бизнес чинь хаагдчих гээд байна уу” гэсэн тул нөгөөх нь олон юм ярьж байдгаа дэлгүүлэхээс сэргийлэн чимээгүй болжээ.
С.Уул