УИХ-д оруулж ирсэн асуудал бүрээ батлуулж байж гардгаараа нэгэн эрхэм бардамнав. Засгийн газрын сайд нар дотор ийм “хэцүү” хүн нэг л бий гэнэ.
Тэр нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Байсхийгээд л тэр энэ салбарын сайд болдог гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Юутай ч сайд байсан, байгаа үедээ УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөл бүрээ тэр дэмжүүлээд л гардаг аж.
Эрхэм түшээд “хатуу самар” сайдаас “эмээдэг” байж ч мэдэх л дээ. Гэхдээ тэр нэг л удаа бүдэрсэн юм билээ. Энэ тухайгаа саяхан нэгэн Байнгын хорооны хурал дээр өөрөө дурсав. Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал ярьж байлаа л даа.
Хөрөнгөгүй хоригдлуудын өмнөөс төр хохирогчдод нөхөн олговор олгоод дараа нь түүнийг ажил хийлгүүлж, эсвэл өөр ямар нэг аргаар мөнгөтэй болохоор нь буцааж авах тухай төсөл юм.
Н.Энхбаяр Ерөнхий сайд байхад тэр уг асуудлыг нэг удаа оруулаад дэмжлэг авч чадаагүй буцааснаа “Энэ бол оруулж ирсэн асуудлаа дэмжүүлж чадаагүй цорын ганц тохиолдол шүү” гэсэн юм.