Хүний эрхийн хуульч гэхээр хүмүүс М.Ичинноровыг андахгүй. Хэнтэй ч элгэмсэг, дотно, хэзээний эгч дүүс мэт харилцаа үүсгэж чаддаг түүнийг ”Илэн далангүй яриа” булангийнхаа энэ удаагийн зочноор урилаа.
-Юуны өмнө шинэ ном гаргасанд тань баяр хүргэе. Шинэ номны “Үнэ цэнэ” гэдэг нэрийг сонсоод өөрийн амьдралын үнэ цэнийн талаар бичсэн юм болов уу гэсэн бодол төрлөө?
-Уулзалгүй удаж шүү. Баярлалаа. Шинэ ажил үйлсийн минь эхлэлд баяр хүргэн уулзаж байгаад талархаж байна. “Үнэ цэнэ” гоё нэр байгаа биз. Энэ номондоо би зөвхөн өөрийн үнэ цэнэ бус бусдын амьдралын үнэ цэнэ ямар байдаг, түүнийгээ хүмүүс хэрхэн хайрлан амьдрах ёстойг өгүүлэхийг хичээсэн. Энэ номыг уншсан хүн намайг, миний өнгийг олж харна.
-Таны бичсэн “Мишээл охин”, “Өөрийгөө хайрла” гэх мэт богино өгүүллийг уншиж байсан. Эх хүн, эмэгтэй хүний үнэр үнэртдэг юм шүү?
-Тийм үү. Эмэгтэй хүн гэдэг байгалиасаа заяасан өгөөмөр, нинжин сэтгэлтэй байдаг. Би тэмдэглэл их хөтөлнө өө. Нийтлэл бичихийг хичээдэг. Нэрт нийтлэлч Баабар гуай шиг өдөр бүр үзэг цаас нийлүүлэх зав гарахгүй юм даа. Харсан, тохиолдсон зүйлээ нийлүүлж бичсээр эмхэтгээд ном гаргалаа. Зарим нэг хүн намайг уран сайхны, уран яруу үг хэллэг оруул гэж зөвлөдөг л юм.
Гэхдээ яаж бичих нь хүний боловсрол, сурч мэдсэн зүйл, ертөнцийг үзэх үзэл гээд маш их зүйлээс шалтгаалдаг. Тиймээс би эвдэхийг хичээдэггүй ээ.
-Хүмүүс өөрийг чинь хүний эрхийн хуульч гэдгээр нь илүү сайн мэддэг. М.Ичинноров гэдэг чухам хэн бэ?
-Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрж өссөн. Долоон хүүхэдтэй айлын зургаан охины гурав дахь нь . Би Ховд аймгийн төвд арван жилээ дүүргээд Эрхүүгийн их сургуульд элсэх эрх авч байлаа.
-Социализмын үед хөдөөнөөс Эрх үүгийн их сургуульд элсэх эрх авсан гэж бодохоор сурлага сайтай охин байж дээ?
-Үнэндээ би тийм тасарсан сурлагатай охин байгаагүй. Эхэлсэн ажлаа дуус гадаг, үр дүнг нь үзэхийн төлөө шантралгүй зүтгэдэг хүүхэд байсан. Сурлагаар жагсаахад миний өмнө хоёр охин байсан ч конкурс өгөөд оноогоороо тэдний өмнө орж, хойшоо сургуульд явсан юм. Манайх гэдэг айл олуулаа ч дэг журамтай, ах дүүгээ мэддэг, хөдөөний сайхан, аз жаргалтай гэр бүлийн нэг.
Аав маань агрономич мэргэжилтэй, насаараа төрд үнэнчээр зүтгэсэн хүн. “Минжит булган” хоршоолол гэдгийг хөдөөнийхөн анддаггүй. Тэр хоршоололын отгон дарга нь манай аав. Ээж маань насаараа бага ангийн багшаар ажилласан. Одоо үр ачаа тойруулсан хоёр буурай бий. Нэг сонин инээдтэй гэх юм уу зүйл ярьчих уу?
-Тэг л дээ.
-Манай аавыг Рэнчиндорж гэдэг байж л дээ. Өвчин ээрээд байхаар нь Манжаа гээд сольчихсон гэсэн. Ээжийн нэр их инээдтэй солигдсон байдаг юм. Уг нь ээж минь Бадамхорлоо гэдэг нэртэй байж. Гэтэл хэл муутай хамаатных нь хүн хэлж чадахгүй Ноглоо гэж дуудсаар энэ нэрээрээ архивт үлдсэн.
-Ах дүү, аав ээж чинь одоо Ховдод байна уу, хотод ороод ирсэн үү?
-Хотод байгаа. Хоёр хөгшин маань Гачууртад амьдардаг.
-Та яагаад улс төр рүү орчихов оо. Монголын нийгэмд хуулийн гаж тогтолцоо, хууль иргэддээ тэгш бус үйлчилдэг байдлаас үүдэн олон хүн хохирдог. Та улс төр рүү бус хүний эрхийн хуульчийнхаа ажлыг дагнаад явсан бол нийгэмд илүү үр өгөөжөө өгөх байсан юм шиг санагддаг. Улс төр таныг сонгочихов уу, та улс төрийг сонгочихов уу?
-Олон хүн ингэж асуудаг юм. Аль аль нь бие биенээ сонгосон юм болов уу. Улс төр гэдэг чухам юу юм бэ гэдгийг манайхан ойлгодоггүй. Олон хүн улс төрийг эрх мэдэл, албан тушаал, мөнгө гэж боддог. Үнэндээ улс төр гэдэг улс орныг удирдах ухаан юм шүү дээ.
Энэ ухааныг хэрхэн, яаж олон түмэнд хүргэх вэ гэдэг талаар би их бодож зүтгэдэг. Бидний үеийнхэн гадаадад боловсрол эзэмшээд, ардчилал, хүний эрхийн үнэ цэнийг дэндүү их мэдэрсэн, тэр чинээгээрээ сэтгэдэг. Тэр сэтгэлгээгээ эрх зүйн түвшинд нийгэмд хүргэх нь илүү үр дүнтэйг олж харсан. Унаган орос хэлтэй, мэргэжлийн англи хэлтэй надад гадаадад өндөр цалинтай ажиллах урилга бишгүй л ирж байлаа.
Гэхдээ би энэ замыг л сонгосон. Эрх мэдэл гэдэг хоёр янз байдаг л даа. De jure гэдэг нь баталгаажсан эрх мэдэл гэсэн үг.
Энэ нь олон нийт итгэл үзүүлж, төрийн өндөр албан тушаал хаших эрх олгож байгаа юм. Харин De facto гэдэгт тохирох монгол үг олдохгүй байгаа юм. Тайлбарлавал хэдийгээр төрийн алба хашаагүй ч өөрийн үзэл бодол нь олон нийтэд нөлөөлдөг, бусдыг байлдан дагуулах эрх мэдэл гэж хэлж болно.
-ИХ намынхан үзэл бодолдоо үнэнч биш, урваач гэж хэлэх хүн олон байна. Ж.Батзандан, О.Магнай нар айсандаа АН руу гүйчихсэн. Гэтэл та санаанд оромгүй сонголт хийсэн?
-Өнгөрсөн сонгууль үнэхээр их будлиантай болсныг олон хүн мэдэж байгаа. Бидний хэсэг залуус сэтгэл зүрхээ зориулж, зориглоод энэ сонгуульд өрсөлд өөд үзсэн. Залуу хүний зүрх,зориг байс наас бус хөрөнгө мөнгө, бэлтгэл байгаагүй. Бидний нэр дэвшсэн тойргийн хорооныхон “Та нарыг хүмүүс их дэмжиж байна. Та нар ялсан байх” гэж хэлж байсан ч тооллогын дараа ялагдсанаа мэдсэн..
Сонгуулийн дараа үймээн болж, О.Магнай, Ж.Батзандан хоёр шоронд ороод, манай нам хүнд байдалд орсон л доо. Гэсэн ч би сэтгэл гарган намаа авч үлдье гэсэн бодол байсан ч намын даргаар Н.Даваа болоод дөрвөн дэд дарга томилсон.
Тэр үеэс би энэ намд миний орон зай, ирээдүй алга гэдгийг мэдэрсэн. Сонгуульд оролцсоноороо би амьдралын асар том сургууль төгссөн гэж бодож явдаг.
Сэтгэл санаа, санхүүгээрээ их хохирол амссан. Манай хоёрын хувьд гэвэл АН-д орохоос өөр аргагүй тийм нөхцөл байдал үүсэн. Хувь хүний улс төрийн сонголтыг буруутгах хэрэггүй л болов уу. Хүсэл тэмүүлэлтэй, нийгмийг өөрчлөх гэсэн бодолтой хүмүүс хэдий болтол гудамжинд үйл ажиллагаа явуулах юм бэ.
-Амьдрал бол сонголт байдаг л даа. Одоо яг ямар ажил хийж байгаа вэ. Энэ сонголтыг хийснээр та ямар үр дүн гарах талаар бодож байсан уу. Танд ямар нэгэн зүйл амласан уу?
-Бодолгүй яах вэ дээ. МАХН-ыг сонгосондоо би өөрийгөө буруутгадаггүй. Одоо би Ерөнхий сайдын орон тооны бус хууль зүйн зөвлөхийн ажил хийж байна. Бас хуулийнхаа фирмийн ажлыг амжуулдаг даа.
-МАХН-д таны орон зай бий гэдэгт итгэхгүй л байна шүү?
-Байгаа үгүйг би өөрөө л харуулах ёстой. Энэ намын гишүүн болоод дотор нь орсон хойноо үнэндээ том том ханатай нүүр тулж байгаа. Томоос том шүү. Он удаан жил тогтсон соёл нь их өөр. Энэ намын дотор аажим аажмаар, урагш явах ёстой гэдгийг би мэдэрсэн. Өнөөдөр МАХН шинэчлэлийн асуудлаа ярьж эхэлсэн.
Нам дотор хад чулуу мэт хүн байдаг ч үзэл бодол нь өөр, өөрчлөгдөн шинэчлэгдэхийг хүсдэг хүмүүс цөөнгүй байдаг юм билээ. Сэтгэлгээ нь тэс ондоо зүйл рүү нэвтэрч орно гэдэг маш хүнд гэдгийг би мэдэрч байгаа ч цаг хугацаа бүх зүйлийг харуулна гэдэгт итгэлтэй байна.
Би тэр хүмүүсийг үзэл бодлоороо байлдан дагуулж, хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болтол нь ажиллах болно. Би энэ цаг хугацааны захиалга гэдгээ мэдэрдэг.
-Саяхан МАХН-ын МАСЭХны хурал боллоо. Энэ холбооны тэргүүнээр таныг өрсөлдсөн гэсэн мэдээлэл байсан. Жиг жуг ярианаас сонсоход таныг хэн ч дэмжээгүй гэх юм?
-Намайг нэр дэвшинэ гэж зарим эмэгтэйчүүд бодсон юм шиг байгаа юм. Надад нэр дэвших бодол байгаагүй. Уг нь би энэ хуралд зориулж “МАХН-ын эмэгтэйчүүд ба нийгмийн манлайлал” гэсэн концепци боловсруулсан. Жендерийн асуудал Монголын нийгэмд чухал гэж 20 жил ярьж, тэмцэж байгаа хүмүүс өөрсдөө залуу эмэгтэйчүүдийг дэмжих бодолгүй байгааг би хараад гайхсан.
Тэгээд бүр эмэгтэйчүүд шүү. Тэднийг буруутгаж байгаа ч нөгөө талаас ойлгох нэг үндэслэл бий. Өдий зэрэгт хүртлээ тэр хүмүүс хүнд замыг туулж, миний мөргөж байгаа хадыг хэдэнтээ мөргөсний эцэст жаахан ч гэсэн орон зайтай болсон.
Түүнийгээ шинээр орж ирж буй хүмүүст алдахыг тэр бүр хүсэхгүй нь ойлгомжтой. Эмэгтэйчүүд бид хамтраад юу хийхээ ярилцвал илүү үр дүнтэй байхсан. Цаг хугацаа харуулна даа.
-Монголын улс төрд хүчээ сорьж байгаа эмэгтэй хүн амжилт олох магадлал бага. Таны хань ямар нэгэн хориг тавьдаг уу?
-Үгүй шүү. Харин ч намайг эхнээсээ дэмжиж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах, хүний эрхийг хамгаалахыг дэмжиж тусалдаг байлаа.
-Хань гэснээс та нөхрөө танилцуулахг үй юм уу. Нэг зүйл асуучихвал та уурлахгүй биз дээ. Зарим нэг хэвлэлд америк өвөөтэй суусан гээд бичсэн байна билээ.Та хоёр хаана танилцсан юм бэ?
-Манай нөхөр хөгшин хүн биш шүү дээ. Нас чацуу, инженер хүн. Ажил хэргийн уулзалтаар ирсэн америк хүнтэй авахуулсан зургийг сонин хэвлэлд гаргаад манай нөхөр мэтээр тайлбар хийсэн байна лээ. Би Эрхүүгийн их сургууль төгсөж ирээд Баянгол дүүргийн шүүх, Дээд шүүх, Өмгөөлөгчдийн холбоонд ажиллаж байгаад АНУ-д сурах боломж олдсон. Вашингтоны их сургуульд олон улсын хүний эрхийн магистрт сурч байхдаа нөхөртэйгөө танилцсан. Бид хоёрын анхны гэрлэлт. Бурхны бэлэг болсон нэг хүүтэй.
-Ажилд тусалдаг байсан гээд өнгөрсөн цаг дээр яриад байх юм. Одоо ч хамт байгаа биз дээ?
-Үнэнээ хэлэхэд бид хоёр тусдаа амьдраад олон жил болж байгаа л даа.
-Уучлаарай мэдсэнгүй. Эмэгтэй хүн ямар амьдарч байгаа нь нүүрэн дээр нь бичээстэй байдаг. Та үргэлж инээмсэглэн, их л цоглог харагддаг шүү дээ?
-Тэгж харагддаг бол сайхан л байна. Хүний нүд сэтгэлийн толь гэдэг үг байдаг даа. Сайн сайхан юм бодож, дотоод сэтгэл санаа маань өөдрөг тэмүүллээр дүүрэн байдагтай холбоотой байх. Түүнээс биш заримдаа үнэхээр хэцүү санагдах, шалтгаангүйгээр доромжлуулж, гүтгүүлсэнийхээ төлөө сэтгэлээр унамаар гутармаар, гунигламаар үе байлгүй л яахав даа. Заримдаа би боддог юм.
Ингэхэд би ер нь хүнд муу юм хийчих хүн мөн билүү гэж. Хамгийн гол нь би хэнийг ч үзэн яддаггүй. Намайг үзэн ядаж буй хүнтэй инээмсэглээд гар барих чадвар надад бий.
-Айлын санхүүг эмэгтэйчүүд барих нь элбэг. Танай өрхийн сарын төсөв хэдэн төгрөгт эргэлдэж байна даа. Таныг хаусанд амьдардаг гэж бичсэнийг уншсан юм байна?
-Сайн нөхрийн буянд хаусанд амьдарч, юу хүссэнээ авч, эрх дураараа байсан цаг бий. Одоо бодоход хэрэгтэй хэрэггүй зүйлд ямар их мөнгө зардаг байсан юм бэ. Би хоол хийж, хувцсаа угааж чаддаггүй байлаа. Оюутан хүүхдүүд хөлслөөд гэрээ цэвэрлүүлчихнэ.
Ер нь гэрийн ажил гэдгийг мэддэггүй явлаа. Харин өнөөдөр өөр шүү. Угаалгын машинаа ажиллуулж сурсан, гэрээ цэвэрлэж, хоол хийх гээд эмэгтэй хүний хийдэг ажлыг сурлаа шүү дээ. Хэдий хаус биш ч гурван өрөө байртай, хүүтэйгээ сайхан амьдарч байна. Амьдрах орчноо маш сайн бүрдүүлэх нь эргээд ажлаа тайван хийх нөхцөл болдог юм.
-Брэнд бүтээгдэхүүнийг монголчууд их хэрэглэдэг болж. Та бас хоцрохг үй байхыг хичээдэг үү?
-Брэнд бүтээгдэхүүүн хэрэглээгүй хүн, хүн биш гэж үзэх нь холгүй байх юм. Учир зүггүй хөөцөлдөөд байдаггүй ч хувцас цуглуулдаг байсан үедээ авсан брэнд хувцас олон бий. Нэг хэсэг пальто цуглуулах хообийтой болоод ямар олныг авсан гээч. Ferragamо брэндийн гутал чанартай байдаг болохоор авдаг. LV-ийн цүнх энэ тэр бий бий. Ер нь даашинз өмсөх их дуртай. Гэхдээ аль болох даруу хувцасладаг даа.
-Монголчууд баяр ёслол болохоор ах дүүсээрээ цугларч өргөн тэмдэглэдэг. Танай гэр бүлийн хувьд ямар баярыг өргөн тэмдэглэдэг вэ?
-Миний ах дүүс их амь нэгтэй. Баяр бүхнийг хамтдаа тэмдэглэдэг. Миний хувьд аав, ээждээ очих л хамгийн сайхан баяр байдаг юм. Ээжийнхээ гарын хоолыг идэх ямар сайхан гээч. Ээж маань хүү бид хоёрыг очиж байгаа сургаар л хоол хийж эхэлнэ. Хотоос зайдуу гарч уул ус харж, аав ээжтэйгээ хөөрөлдөн суух мөн ч сайхан шүү.
-Хамгийн сүүлд хэнээс ямар бэлэг авсан бэ. Бэлгэнд дургүй бүсгүй хүн гэж үгүй?
-Өө бүр мартчихаж шүү. Хэдэн жилийн өмнө хуримын бэлзэгээ гээчихсэн юм. Тэр үед нөхөр маань алмаазан шигтгээтэй бөгж авч өгсөн юм байна.
Түүнээс хойш бэлэг авалгүй уджээ.
-Та зөвхөн гэр бүлийн асуудлаа шийдэх бус нийгэмд чиглэсэн ажилд гар бие оролцож байгаа хүн. Эмэгтэй хүний хувьд ямар асуудлыг нэн тэргүүн шийдэх ёстой гэж хардаг вэ?
-Маш олон асуудал байгаа л даа. Өнөөдөр Монголын уул уурхай гаднынхны анхаарлыг маш их татаж, мөнгөний урсгал манайхыг чиглэж байгаа нь сайн талтай ч бодолтой байхгүй бол сөрөг үр дагавар түүнээс ч их. Газар нутгаа хүн амьдрах боломжгүй болтол эвдүүлэх нь эргээд хэнд хэрэгтэй вэ. Алтыг нь аваад авдрыг нь хаядгийн адил болчих вий. Мөн хил, газар нутгийн асуудалдаа онцгой анхаарах учиртай.
Дэлхий дээр өнөөдөр хэн мөнгөтэй байна вэ. Хятадууд л мөнгөтэй, хэдэн тэрбумаар нь эргэлдүүлж байна. Манай улс тэрбумтнуудын хаяанд нь байгаа учир анхааралтай байх учиртай. Аливаа улс орныг бүрдүүлэгч нь гэр бүл. Өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлд өртөн, аз жаргалгүй орчинд хэчнээн хүүхэд өсөж байгаа билээ. Үүнийг анхааралдаа авч, төрийн бодлого болгох ёстой.
Хүн хайрлаж сураагүй, хүнээр хайрлуулж үзээгүй хүүхэд эргээд хэн болох нь тодорхой шүү дээ. Ёс зүй гэж хүмүүс их ярьдаг ч амьдрал дээр яаж ёс зүйгүй байх вэ гэдгээ жинхэнэ ёсоор үзүүлж байна. Түүнээс гадна залуус ном уншихаа больж. Интернэт ухаад л хэрэгтэй мэдээллээ олоод авчихаж байна. Гэхдээ нэг өдөр дэлхий нийтээр цахилгаан тасарвал яах вэ. Ном л үлдэнэ шүү дээ.
-Хүний эрхийн хуульч учраас нэг зүйл асуумаар санагдлаа. Дэлхий нийт даяаршиж байгаа энэ цаг үед ижил хүйстнүүдийн асуудал нууц биш болж. Та энэ асуудлыг юу гэж дүгнэдэг бэ?
-Хэдийгээр би хүний эрхийн хуульч ч бурханлиг бус зүйлийг хүлээн зөвш өөр дөггүй. Яагаад бурхан эр эм гэж төрүүлээд, гэр бүлээрээ хамт амьдарч үр хүүхдээ өсгөх ёстой гээд заагаад өгчихсөн юм бэ. Гэхдээ ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхая гэсэн үг биш шүү.
Хүнийг дарамталж, шахах нь эргээд хүчирхийлэл бий болгодог юм. Зарим хүн хоёр эхнэртэй байхыг хүлээн зөвшөөрөх тухай ярьдаг.
Хамгийн нандин харилцаагаа өөр нэгэнд яг адил зориулаад явна гэдэг бас байж боломгүй санагддаг.
-Та 2012 оны сонгуульд оролцох уу. МАХН таныг дэвшүүлэх болов уу?
-Яг өнөөдөр хэлэхэд хэцүү юм шиг санагдаж байгаа ч итгэлтэй, зоригтой байхад аз түших байлгүй дээ. Бас тууштай зан их чухал. Хүн бүр 2012 оны сонгуульд анхаарлаа тавьж эхэллээ. Надад сонгуульд зориулсан амьдрал, сонгуульд зориулсан ажил гэж байхгүй. Харин агуу хүсэл мөрөөдөл, бусдын тө- лөөх амьдрал өөрөө миний хувьд чухал сонгууль юм даа.
-Танд баярлалаа. Ажилд чинь амжилт хүсье.
Х.Оюунсүрэн