Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаан
Хуулийн нэр барьсан, хувийн ашиг горилсон, үгсэж бүлэглэсэн хэдэн хүн миний хүүгээр “Оросын тагнуул” үйлдвэрлэх гэж улангасч байна. Миний хүү Ц.Жаргалсайхан УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст 10 жил, үүнээс долоон жил нь зөвлөх хийж, ОХУ, БНХАУ-тай Парламентын харилцааны асуудал хариуцаж байсан юм. Гэтэл энэ оны зургадугаар сарын 3-ны орой ОХУын ЭСЯ-ны ажилтан Василий Лавреневтай хамт ресторанд сууж байсан хүүг маань хар багтнууд гэнэт дайран баривчлав. Яг л Холливудын кинонд гардаг шиг. Уг нь тэр орос дипломатчийг олон сар дагаж мөрдөж байсан гэдэг. Орос нь дипломат үнэмлэхээ үзүүлчихээд гараад явж. Оронд нь хүүг маань Ганц худагт аваачаад хийчихжээ.
* * * Өмнө нь юу болсон байж болохыг бүдүүвчлэн төсөөлье.
... Хар багтны хоёр овгор ярьж байна.
-Тэр оросыг бариад авбал манай луугар юу гэх бол?
-Харин нь ээ, хоёр улсын харилцаанд эвгүй юм болно гэж айж магадгүй.
-Тэр оросыг олон сар дагасан бидний ажил будаа болох гэж үү, тэгэхгүй ээ.
-Арга байна аа. Тэр оростой дахин дахин уулзаад байдаг монгол залуу руу бүхнийг тохчихъё. Чамд бичлэг байгаа. Орчуулга, сонин хэвлэлийн тойм, энэ тэр гээд элдэв цаас өгч авч байгаа дүрс бичлэг бий шүү дээ.
-Зөв. Уг нь тэр оросыг өөрийг нь баривал чи бид хоёр “баатар” болох байсан юм. За яахав. Тэр монгол залууг “Оросын тагнуулч” гээд нотолчихвол ядахдаа мөрдсөө сольчих болов уу?
-Тэр мэдээж. Гэхдээ суурьтай хандана шүү. Цаадах чинь олигархийн хүн биш биз. Аль намынх вэ?
-Аль ч нам биш. Бизнесийн хүрээлэл ч байхг үй.
-Тэгвэл айлтгүй. Тэнд байдаг манай хүн юм хийж байгаа биз дээ? -Байнга холбоо барьж байгаа. Тэр Жаргалсайханы компьютерт байгаа бүх зүйлийг үзчихсэн.
-Нууц юм байна уу?
-За даа. Нэг их нууц гээд байх сүртэй юм байхгүй гэнэ. Төрийн томчуудын Орос, Хятадад хийсэн айлчлалын зарим материал байна гэнэ.
-Тэр ч одоо бол нууц биш л дээ.
-Урьдчилаад Орост өгсөн гэж хэрэг бүрд үүлнэ. Тэдний компьютерууд нууц үг, кодгүй шууд нээгддэг болохоор хэн ч ашигласан саадг үй юм байна лээ.
-За тэгвэл тэр нөхрийг барь. Би зөвшөөрлийг нь аваад өгье.
* * *
ОХУ-ын ЭСЯ-ны ажилтныг “тагнуулч” болгох, хэргийг нь монгол найзад нь тохож хэлмэгдүүлэх ажиллагаа эхлэв. Бэлэн сүлжээтэй, дадсан аргатай, өөрийн хүмүүстэй болохоор овгоруудын төлөвлөгөө саадгүй хэрэгжив. Арга технологи нь бохир бөгөөд башир. Хүүг минь нэг хэсэг сүрдүүлж балмагдуулж байцаах явцад хэргийг санаснаараа зохиомжлон бичнэ.
Гэнэт саймширч “Ноцтой юм алга, шүүхээр ороод л гаргачихна” гэж хуурч тайвшруулж байгаад шүүх хуралд оруулна. Урьдчилаад шүүгчдийн тархийг угааж “Онц ноцтой хэрэг” шүү. Алдаа гаргуузай” гэж айлгана. Өмгөөлөгчдийн үгийг нохой хуцсанд тооцохгүй. Гурван шүүгч төлөвлөсөн ялыг үг дуугүй батална. Ийм байдлаар Ц.Жаргалсайханыг 17 жил хатуу дэглэмээр хорих ял шийтгэв.
Ял өгч санасандаа хүрмэгц нөгөө овгорууд: -Шүүх л ингэчихлээ. Тэдний хэрэг гээд шилгээцгээв. Шүүгчид нь болохоор: -Бид яахав дээ. Тэгээд төлөвлөчихсөн юмыг... гэсээр харцаа нуусхийн нүүр буруулав. Ийм л “нууц” гэдгээр “шууд” ял оноох хэлмэгдүүллийн технологиор нэгэн хүний бүх насны амьдралыг нураалаа, өнгөрсөн хоёр шатанд. Аймшигтай санагдахгүй байна уу? Мөрөөрөө амьд явах баталгаа алга болжээ, өнөө цагт. Энэ тухай хэвлэл мэдээллээр хангалттай бичсэн болохоор давтан нуршаад яах вэ.
* * * Ц.Жаргалсайханыг тулган шийтгэсэн Эрүүгийн хуулийн 79.1 дэх заалтад, “... Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан... бол 16-25 жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэжээ.
Одоо үүнийг задалж үзье.
Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйл бүхэлдээ “Эх орноосоо урвах” гэдэг гарчигтай болохоор Ц.Жаргалсайханд ийм ял тулгажээ. Та урьд өмнө ийм ял сонссон уу? Энэ юуг хэлж байна вэ гээд Эрүүгийн хуулийн шинэхэн тайлбарыг харлаа.
Тэнд “Эх орноосоо урвах гэдэг нь Монгол Улсын иргэнээс гадаад улс болон тэдгээрийн тагнуул төлөөлөгчидтэй буюу гадаадын байгууллагатай хамтран өөрийн улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулахыг хэлнэ” гэжээ. Эндээс их юм бодогдож байна аа.
Юуны өмнө тэр гадаад улс нь ОХУ болж таарлаа. Бүр тэгэхдээ “Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг” байх нь. Нөгөөх Василий тэр “дайсагнагч” Оросын тагнуулч байх нь. Гэтэл одоо хүртэл Василийг “тагнуулч” гэсэн нотолгоо алга.
Тагнуулч байсан юм бол, тэгж удаан дагаж мөрдөөд тогтоочихсон юм бол бариад авах нь яасан юм бол?! Олон улсын журмаар “персона нон грата” гээд гаргадаг, сонин хэвлэлээр зарладаг биш бил үү?! Гэтэл тэгсэнгүй. ОХУ-ын ЭСЯ-ынхан “Бидэнд хэн ч, юу ч хэлээгүй, “Василий зүгээр л амралтаа аваад буцсан” гэдэг.
Манай Жагаа тэр орос дипломатчтай ЭСЯ-ны ажилтны хувьд нь ажил төрлийн, анд нөхдийн холбоотой байсан болохоос түүнийг “тагнуулч” гэж харилцаагүй нь лавтай. Ямар духан дээр нь “тагнуулч” гэсэн тэмдэг дараастай байх биш дээ. Тайлбарыг цааш нь уншихаар, Василий “гадаадын” (Оросын) тагнуулын байгууллагыг төлөөлж байсан болох нь.
Хуульд “гадаадын байгууллага” гэж хэнийг, юуг хэлээд байгааг бас тайлбарлажээ. Тэнд бичсэнээр “Гадаадын байгууллага гэдэг нь бу сад орны эсрэг хорлон сүйтгэх буюу террорист ажиллагаа явуулж буй зэвсэгт бүлэглэлийг хамруулан ойлгоно.
Тухайлбал, ийм байгууллагад Аль-Кайда зэрэг бүлэглэл орж болох юм” гэж байх юм. Арай ч дээ. ОХУ-ын тагнуулын байгууллагыг ингэж үзэх хэрэг үү?! Цагаан дээр хараар биччихсэн ийм зүйлийг өөрөөр яаж ойлгох вэ. Мөнөөх 79.1-д зааснаар бол, эх орноосоо урвагч нь “... гадаад улсын тагнуулын албанд элссэн” байх “ёстой” гэж ойлгогдож байна.
Ц.Жаргалсайхан ОХУын тагнуулын байгууллагад элссэн гэвэл, тэр тухай баримт нотолгоо хэрэгтэй биз дээ. Ийм юм огт байхгүй атал ямар гээчийн гүжир гүтгэлэг вэ?
Хуулийг цааш нь үзье.
“Эх орноосоо урвах гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив тал нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр илэрдэг. Түүнчлэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах гэсэн зорилготой байдаг нь энэ гэмт хэргийн субъектив талын заавал байх шинж мөн” гэж заажээ. Ц.Жаргалсайхан “шууд санаатай” хэрэг хийгээг үй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Санамсаргүй алдаа гаргасан, хариуцлага алдсан гэвэл өөр хэрэг.
Тэгэх тусмаа улс орноо санаатай хорлох зорилго тавьсан гэж мушгиад, гүтгээд байгаагийн учир юу вэ? Үнэндээ миний хүү ийм зорилго тавиагүй гэдэг нь түүний ажил амьдрал, хүмүүжил, боловсрол, зан ааш, итгэл үнэмшил, үзэл бодол, УИХ-д 10 жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн шударга хөдөлмөрөөр нотлогдоно. Тэр зорилгыг нь гаргаад гар дээр тавиад өгөөч. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд учруулсан хор хохирлыг ард түмэнд дэлгээд үзүүлээд өгөөч.
* * *
Энэ бүгдийг эргэцүүлэн бодохоор, “Өдрийн сонин”-ы 2010.09.22-ны дугаарт: “...Тодорхой эрх мэдэлтнүүд хувийн эрх ашиг, нэр алдрын тулд гадаад орнуудын эсрэг Монголын нэрээр дайсагнасан ажиллагаа явуулж... байна” гэж бичсэн нь Ц.Жаргалсайханд тулгасан хэрэгт яв цав холбогдож байна гэж өөрийн эрхгүй бодогдож байна.
Насаараа хоёр их хөрштэйгөө найрамдалтай байх үйл хэргийн төлөө явж байгаа хүний хувьд миний бие хүүг минь буруутгаад байгаа энэ хэрэг явдал Монгол, Оросын харилцаанд ямар нэгэн талаар муу үр дагавар дагуулахвий гэж сэтгэл зовох юм. Ингэх үндэслэл байна аа.
Саяхан ОХУ-ын Элчин сайд В.В.Самойленко “Новости Монголии” сонинд өгсөн ярилцлагадаа: “...асуудал хэрхэн өрнөж байгааг бид анхааралтай ажиглаж байна. Энэ явдал ЭСЯ-ны нэр төрд төдийгүй хоёр орны харилцаанд сүүдэр тусгаж байна. ...ОХУ хэзээ ч Монголд дайсагнасан ажиллагаа явуулах улс биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн байна лээ.
Гурван том санаа агуулсан, ноцтой үг байна шүү дээ. Элчин сайд цааш нь “... Манай орон бараг 100 жилийн өмнө Монгол Улсын тусгаар тогтнолыг дэмжиж, олон арван жил энэхүү тусгаар тогтнолын баталгаа нь болж, БНМАУ-ыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхээр тууштай зүтгэж ирснийг мартах ёсгүй” гэж мэдэгджээ. Үнэн үг хатуу санагдах талтай.
Гэхдээ энэ бол хоёр орны харилцаанд санаа тавьсан хүний л үг. Монгол, Оросын найрамдлын 50 дахь сарын ажлын нээлтийн ажиллагаанд уригдаж оролцсон ОХУ дахь “Монголын анд нөхдийн нийгэмлэг”-ийн дарга, ЗХУ-ын хошой, Монгол Улсын баатар В.В.Горбатко “Монголия сегодня” сонинд өгсөн ярилцлагадаа Ц.Жаргалсайханыг Оросын тагнуул гэж ял шийтгэх нь “Это какое-то недоразумение. Какие-то силы хотят испортить наши отношения дружбы” (“Энэ бол болчимгүй явдал. Бидний найрамдалт харилцааг эвдэх гэж хэн нэг эрх мэдэлтнүүд хүсээд байна уу”) гээд шулуухан хэлчихсэн байна.
Мөн олон телевизэд ярилцлага өгөхдөө энэ санаа, ойлгоц дүгнэлтээ ний нуугүй хэлээд явсныг үзсэн сонссон олон түмэн мэдэж байгаа. ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал О.Энхтөр “Өдрийн шуудан” сонины 2010.10.14-ний дугаарт: “...Ц.Жаргалсайханы хэрэгтэй хол боотойгоор хөрш орнуудын харилцаанд сөрөг нөлөө гарахыг үгүйсгэхгүй” хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлсэн байна лээ.
Монгол, Оросын найрамдлын нийгэмлэгийн удирдлагууд, гишүүд сэтгэл түгшин мэдэгдэл гаргаж, хоёр улс, ард түмний эв эеийг эрхэмлэхийн чухлыг ярьж бичсээр байна. “Орос улс манайд дайсагнагч улс болсон юм уу?” гэж асууж байна. Тэр 79.1-д байгаа өгүүлбэрээс л тийм ойлголт аваад байна шүү дээ. Сонин хэвлэлд энэ сэдвийг их онцлон бичиж байна.
Энэ бүхнийг бодолцохгүйгээр Ц.Жаргал сайханыг заавал урвагч, заавал Оросын тагнуул болгох гэж улангасаад байгаа цөөн бүлэг хүний үйлдлийг би үнэхээр ойлгохгүй юм. Ц.Жаргалсайханыг, нууцыг нь задруулсан гэж яллах үндэслэлээ болгосон төрийн айлчлалуудын материалд үнэндээ нууцлах зүйл байхгүйг холбогдох албаны хүмүүс бүрэн нотолж гэрчилсэн нь хавтаст хэрэгт орсон байгаа.
Эдгээр айлчлалын тухай хэвлэл мэдээллээр тухай тухайн цагт дотоод, гадаадад дэлгэрэнгүй мэдээлсэн байхад “мөнхийн нууц” гэж сагсайгаад байхын цаад зорилго нь юу байна аа? Эсвэл хууль зөрчсөн ажиллагаагаа “мөнхийн нууц” гэж бардамнаад, ард түмнийг тэр “нууц”-д нэвтэрч чадахгүй гэж басамжлаад байгаа юм уу? Одоо энэ тухай Монгол даяар ярьж байгаа. Гадаадад ч бас анхаарч байгаа л байх.
* * * Ц.Жаргалсайханы өмгөөлөгч гурвын гурван нэртэй сайн хуульч, бас надад хувиараа зөвлөгөө өгдөг олон шилдэг хуульч бүгд л энэ хэргийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн нэгдмэл дүгнэлттэй байгаа юм. Манай гурван өмгөөлөгч ингэж үзэх үндэслэлээ нэгбүрчлэн хуулийн зүйл ангийг заан баталж, баримтаар нотолсон байхад хоёр шатны шүүх хурал огт харгалзан үзэхгүй байгаа нь их эвгүй дүгнэлт хийхэд хүргэж байна. Энэ талаар жич бичнэ.
Ийнхүү холбогдогчгүй, улс нийгэмд улаан мөнгөний хохиролгүй, нэг ч хохирогчгүй, санаа зорилгогүй, “нууц” гэсэн юм нь нууцгүй нэг ийм хачин хэрэг үүсээд, миний хүү таван сар шоронд сууж байна. Би улсынхаа нэр төрийг бодоод, төр түмэн нүдтэйд найдаад, үнэн ялна гэж итгээд өдий хүртэл хуулийн зөв шийдлийг хүлээж байна.
* * *
Миний бие хүүгийнхээ асуудлаар анхалж дуугарсан Хэвлэлийн бага хурал дээр: “...Энэ бол зөвхөн миний хүүгийн асуудал биш, Монгол, Оросын харилцааны асуудал” гэдгийг онцлон тэмдэглэж байсан. Энэ ойлголт дүгнэлт маань хэрэг явдлын өрнөлтөөр улам бүр лавширсаар байна. Бүр сэтгэлийн хөндүүр боллоо.
Ц.Жаргалсайханыг Оросын тагнуулч болгон хилс ял тулгаж байгаа нь Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын тулгуур зарчимд халдсантай ялгаагүй. Өнгөрсөн зун баталсан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын амин чухал заалтад ч харшилж байна.
Ц.Жаргалсайханд “Оросын тагнуулч” гэсэн пайз зүүгээд “Дайсагнагч Орос улс Монголыг тагнаж байна” гэсэн амьд зарыг үе үеийнхэнд 17 жил хүргэж байх гэсэн юм байх аа, та минь! Дээд шатны хяналтын шүүх шударга шийдвэр гаргана гэж гүнээ итгэж байна.