Монголын зүүн талд шүлхий өвчин гарсны буруутнаар мэргэжлийн байгууллагынхан цагаан зээрийг тодруулан, устгаж эхэлсэн. Өчигдрийн байдлаар 2000 зээр устган булсны 60 хувь нь өөрөө үхсэн байсан гэнэ. Бусад нь илт өвчилсөн байсан аж. Хөл нь тасарсан, доголсон зээрийг түүж буудан, булсан тухайгаа орон нутгаас Байгаль орчин, аялал жуулчлалын болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мэдээлжээ.
“Сүүлд шүлхий халдаад буй Хэнтийн Дархан, Иххэт суманд гэхэд Дорнод, Сүхбаатараас ямар нэг мал, амьтан аваачаагүй тул малаас тархсан байх боломжгүй” гэж Улсын онцгой комиссын гишүүд үзэж байв. Тэд “Мал ундаалдаг уснаас зээр уудаг. Хэнтий аймгийн Баянмөнх сумын хоёрхон багийн нутагт гэхэд 92 мянган цагаан зээр байна. Зээр сүүлийн үед их үржсэн. Нүүдлийг нь хянахад хэцүү. Малчид ч зээрээс малд шүлхий халдсан байх магадлалтай гэж үзэж байна лээ” гэсэн юм. Улсын мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Дамдиндорж “Өнгөрсөн зун Сүхбаатар, Дорнодын 11 зээрээс шинжилгээ авч, олон улсын лавлагаа лабораторид шинжлүүлэхэд шүлхийн О хэвшлийн вирус илэрсэн.
Наймдугаар сарын эхээр Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид ирсэн. Тэд “Шүлхий бол зөвхөн Монголын асуудал биш. Япон, БНСУ гээд Зүүн өмнөд Азийн орнуудад шүлхий их гарч байна. Тиймээс Зүүн өмнөд Азид шүлхийн вакцины банк байх ёстой юм байна” гэж хэлж байсан” гэж ярилаа.