Монголын цагдаагийн байгууллагыг нэгэн хугацаанд удирдаж явсан, туршлагатай мөрдөгч, цагдаагийн нэртэй боловсон хүчний нэг Б.Болдбаатар хурандаатай ойрмогхон тааралдлаа. Сүүлийн хэдэн жил эл эрхмийн сураг тасарсан гэхэд болно. Элдэв дуулиан ямагт дутах биш. Б.Болдбаатар хурандааг гадаадад дүрвэн гарсан гэнэ ээ гэх яриа ч нэг хэсэг олны ам дамжсан. Эрүүгийн цагдаагийн байгууллагад олон жил ажилласан эл эрхэмд ярих зүйл бишгүй байдаг биз. Тэр бол яах аргагүй цагдаагийн цуутай, алдартай офицерын нэг. Бид ийн ярилцлаа.
Сайн байна уу та. Олон жилийн дараа бид уулзаж байна. Удаан хугацаанд сураг тасарсан хүн хаагуур явж байгаад ирэв дээ?
-АНУ-д гурван жил сураад магистр, доктор цол хамгааллаа. Цаг хугацааг дэмий үрэх харамсалтай шүү дээ. Ажилгүй болсныхоо дараа англи хэл, компьютер сурахын зайлшгүйг мэдэрч, АНУ-ыг зорьсон юм. Охин минь ч тэнд сурдаг байлаа. Вашингтоны их сургуулийг төгсгөөд ирлээ дээ.
-Таныг цагдаагийн цөө- хөн шилдэг мөрдөгчийн нэг гэдгийг би мэдэх юм. Гадаадад байж байгаад ирэхэд таны сураг алдарсан байлаа. Оргож дүрвээд гарсан ч гэх шиг элдэв яриа сонсогддог байсныг өөрөөс чинь асуумаар байгааг ойлгоно биз дээ.
-Чиний энэ асуултыг олон хүн надад тавилаа. Илэн далангүй байх сайхан шүү дээ. 2005 оны намар “Гаалийн Баатарын” гэх хэрэг мандлаа. “Энэ хэргийн гол хүн нь Болдбаатар хурандаа байна. Одоо Дарханд, Ганцхудаг, Төв аймагт хоригдож байна. Гадаадад зугтлаа” энэ тэр гээд төвийн сонинуудаар нэг хэсэг сенсаацтай мэдээ байнга гарсан. Энэ үе надад хамгийн хэцүү, там байсан. АНУ-д хэл сурах гээд оччихсон хойно, элдвийн юм араас зохион байгуулалттайгаар гарч эхэлсэн. Юун ном сурах, хамгийн хэцүү юм ийм л үед байдаг юм байна. Би аргаа бараад сурахаа болъё гээд Д.Сандаг-Очир генерал руу ярилаа.
“Чи тэгж болохгүй ээ! Ямар ч байсан хичээл номоо дуусгаад ир. Энд чамтай холбон гарч байгаа шал дэмий яриаг бүү тоо” гэж генерал ярихад арай тайвширсан. Шалгалтаа өгч дуусмагцаа л төгсөлтийнхөө “party”-д ч оролгүй Монгол руугаа зүтгэлээ. Ирсэн хойноо хүн хэн нэгнийхээ, найзынхаа төлөө ямар андуу бодож явдгийг ойлгоод гутарсан. Чи бод доо. Би бас ч гэж олон жил төлөөлөгч хийсэн.
Болох бүтэхгүй олон хэрэгтэй зууралдаж явлаа. Тэгээд хэн гэдэг хүн юу ярьж, ямар гээч гүтгэлэг амилуулж байсныг мэдсэн. Сураглаад хөөнө биз дээ. Яах аргагүй манай цагдаагаас ийм заваан юм гарсан байсан даа. Яахав миний оронд очих гэсэн, албан тушаалын асар их сонирхолтой нөхдүүд намайг АНУ руу явсны дараа өдөр алгасахгүй сонинд элдэв зүйл бичүүлж байсныг нь тогтоосон. Тэдэнтэй уулзсан. Даваадорж оо, их сонин яриа энд болсон байдаг юм шүү дээ.
-Таныг илэн далангүй яриасай гэж хүсэж байна. Ерөөсөө хэн нэгнийхээ бөгс өндийхийг андахгүйгээр араас нь “хутга шаадаг” явдал Монголд жирийн үзэгдэл болсон шүү дээ.
-Өнгөрснийг эргэн сөхөөд яах вэ. Маш муухай зүйл болсон байдаг юм. Матаас гэдэг хорлонтой. Сайд дарга нарт тал олох гэж юуг ч болов зохиогоод ярьдаг байж. Би чамд нуугаад байх юм үнэндээ алга. Намайг Х.Баатарын хэрэгт холбоотой гэж их олон зүйлийг ярьж, нийгэмд ойлголт түгээхийг хэдэн хүн хүсэж л дээ. Би АНУ-аас ирээд тэднийг дуудаж уулзахад зарим нь “Бид таныг гүтгэсэн.
Одоо элдэв яриа гаргаад хэрэггүй” гэж гуйж байсан. Би шүүхээр нэр төрөө сэргээлгэнэ гэж хатуурхсан минь үнэн. Юу ч гэмээр юм. Эр хүний нүнжиг заагаад орхисон. “Болдоо хурандаа, намайг заавал ингэж ярь гээд тулгаад гуйгаад байсан” гэж ярьж байсан хүн одоо өөрийгөө санах байх.
-Таныг ЦЕГ-ын удирдлагын хүрээнээс холдуулах гэсэн “том ажиллагааг” танай салбараас явуулсан гэж ойлгож болох уу?
-Манай салбар гэж хэлж чадахгүй ээ. Хэсэг тийм хүн байсан. Албан тушаалын төлөө хүн найзаа больдгийг би эндээс харсан юм даа. Маш олон хэвлэлд мөнгө төлж юуг бичүүлж байснаа тэд санаж ичдэг биз. Надад “За Болд оо, уучлаарай. Би жаахан буруу бодож явжээ” гэж эзэд нь ярьсанд тайвширч явдаг.
-Та яг хэнийг хэлээд байна вэ? Би андуураагүй бол ЦЕГын дарга байсан Ганболд мөн үү. Нэг хэсэг спиртийн наймаанд нэр холбогдоод тантай зөрчилдсөн гэж сонссон болоод тэр?
-Шууд хэлэхэд ах нь одоо өнгөрснийг нэг их сөхөөд баймааргүй байна. Та нарт үнэн таамаг байдаг. Надаас уучлалт гуйгаад арай дэндүү буруу зүйл хийж явснаа хүлээчихсэн хойно, би элдвийг яриад яах вэ.
-Таныг яагаад ажлаас тань өөрчилсөн юм бэ?
-Нэг л өдөр дуудаад улс төрийн гэх шалтгаанаар “ажлаа өг” гэсэн. Тэгээд өгсөн дөө.
-Хэн бэ. Тэр хүн!
-Хууль зүйн яамнаас. Цагдаагийн алба бол төрийн алба. Энд улс төр хамаагүй, би тушаалаар томилогдсон хүн. Хэрэв би ажлаа хийж чадахгүй ч юм уу, гэмт хэрэгт холбогдсон бол тэр тухайгаа тушаалдаа тодорхой бичээрэй гэхэд. “Болдбаатар аа, улс төрийн шийдэл.
Чиний наад албыг чинь улс төр сонирхож байна” гэж сайд өөрөө хэлсэн юм даа. Тэгээд чамд наад албатай чинь дүйцэх ажил өгнө гэж хэлсэн болохоор Болдбаатар гэдэг хүн заавал ЦЕГ-ын дэд дарга байх ёстой гэж бодоогүй юм аа. Одоо бол Болдбаатар гэдэг жирийн иргэн яагаад намайг гадаадад зугатсан, Х.Баатартай холбоотой гэж үзэв гээд өргөдөл бичлээ.Ямар ч холбоогүй ээ гэдэг бичгийг одоо надад өгч байна. Нэгэн бодлын гомдолтой ч энэ бичгийг би чамд үзүүлье.
-Зөвхөн цагдаа биш, ер нь бие биенээ аймшигтайгаар “алж” чаддаг болсныг би мэднэ ээ.
-Чиний хэлдэг үнэн. Гэвч ийм юм газар авч чадахгүй биз дээ. Үнэнээр явахад үхэр тэргээр туулай гүйцдэг гэж бид ярьдаг.
-Болд оо хурандаа! Би танаас нэгэн зүйлийг заавал асуумаар байна. Энэ бол С.Зориг бусдад алагдсан хэргийн тухай юм. Та одоо ямар нэгэн зүйлийг хэлж өгөөч?
-Энэ хэрэг илэрнэ ээ. Хэчнээн жил ингэж ярилаа шүү дээ. Би энэ хэргийг мөрдөн шалгах нэг дэд хэсгийнх нь ахлагч байсан. Нойр хоолгүй, амралт гүйгээр бид ажиллаж байсан. Тодорхой утасны үзүүрээс атгасан байсан нь ч үнэн. Тэр үед Ажлын хэсгийг ахалж байсан Алтангэрэл хурандааг гайхамшигтай хүн гэж би хэлнэ. Өөр олон юм ярих нь одоо зөв ч юм уу. Яах аргагүй улс төрийн зорилготой үйлдэгдсэн хэрэг байсан юм шүү. Удалгүй биднийг сольсон. Түүнээс хойшхийг бид мэдэхгүй.
-Хууль бус олон үйл ажиллагаа энэ үед болсон байдаг. Тухайлбал, Д.Энхбатыг Францаас баривчилж ирэхэд яг юу болсон юм бэ?
-Шууд хэлэхэд энэ бол хууль бус үйл ажиллагаа байсан. Хэдийгээр би ЦЕГ-ын дэд дарга байсан ч миний ажил үүргийн хүрээнээс огт өөр, хамаагүй хэрэг байсан юм.
-Яг үнэндээ дуугүй байсан нь хохирч, дуугарч явсан нь хождог юм байна шүү дээ.
-Сурч яваад ирлээ. Таньдаг хүмүүстэй уулзахад “Болдоо чи хаачив, юу хийж яваад ирэв. Х.Баатарын хэрэгт холбоотой байгаа гэдэг чинь үнэн үү” гэх юм. Тэгэхээр одоо ярьсан нь дээр юм байна. Дуугарах ёстой юм байна.
-Та одоо ямар ажил эрхэлж байна вэ?
-Хувиараа компани энэ тэр гээд л явж байна. Уг нь сурсан мэдсэнээ төрдөө зориулах хүсэл байна. Томчуулын тоглоом хатуу юм шиг байна шүү дээ.
Ш.Даваадорж