Шинэ намын Бага хурлын 310 гишүүнийг ажил, мэргэжил, үзэл бодлоор нь “шинжвэл” сонирхолтой статистик гарахаар байна. МАХН-ын Бага хурлын түүхэнд гишүүдийнх нь бүтэц ийм байгаагүй санагдана. Бараг 30 шахам хувь нь таних танихгүй, Г.Алтан, Г.Буяндорж гэх мэт олны дунд сайн, муугаараа дуудагддаг бизнесмэн, төрийн өмчит компанийн захирлуудаар дүүрсэн байх юм.
Эх орон намын С.Отгонбаярын, АН-ын “Симба” Батаагийн дүү С.Амарсайхан, Ц.Бат-Энх, өнгөрсөн УИХ, орон нутгийн сонгуулиар МАХН-ын нэр дэвшигчийн эсрэг хамаг хүчээрээ тэмцэж явсан ИЗН-ын Б.Батзул, ИХН-ын М.Ичинноров, Ч.Ганхуяг гээд үзэл санааны эсрэг туйлд явсан цөөнгүй хүнийг шийдвэр гаргах өндөр түвшний байгууллагадаа МАН урин залжээ.
Хэвлэл мэдээллийнхэн ч Бага хуралдаа биднийг хангалттай “төлөөлөх” хэмжээний суудал авсан байна. Салбарынхан маань зургуулаа байсан байх. Улсын аварга Д.Сумьяабазар, гарьд Ц.Цэрэнпунцаг, яруу найрагч Г.Мөнхцэцэг, Ж.Мөнхбат, төрийн соёрхолт Н.Жанцанноров, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал Ц.Тогоо гээд олны танил эрхэм бий.
Хувийн хэвшлийн 50 компанийн захирал, төрийн өмчит 22 компанийн ерөнхий болон орлогч захирал Ардын Намын Бага хуралд сууж байна. “Эрдэнэт”- ийн Ч.Ганзориг, “Монгол шуудан”-гийн Г.Чинзориг нар тус бүр хоёр орлогчтойгоо, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны босс Д.Сумьяабазар дэд захирал Д.Баярсайхантайгаа, “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн Ч.Ганхуяг, “ХАС” банкныхаа тэргүүн дэд захирал Л.Соронзонболдын хамт орж ирээд суучихжээ. МАН-ын дарга хэлэхдээ, Бага хурал болон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг санал болгохдоо бодло гоо дэмжүүлэх зарчмыг харгалзан үзсэн гэдгээ нуулгүй тэмдэглэсэн.
Тэр утгаараа болов уу, Ерөнхий сайдын зөвлөх долоо, намын дарга болон ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх долоо, намын аппаратын улс төрийн ажилтан, ерөнхий нягтлан бодогчоос эхлээд хэлтсийн дарга, нарийн бичгийн дарга зэрэг есөн хүнийг Бага хуралдаа санал болгосон нь дэмжлэг авсан юм. Бага хурлын дуулиан мөддөө дуусахгүй ч байж мэдэхээр байна.
Дорнод аймгаас УИХ-д сонгогдсон Ц.Шинэбаяр МАХН-даа хэвээрээ учраас МАН-д элсэхгүй гэдгээ мэдэгдээд буй. Ил тод мэдэгдээд буй нь тэр ч Н.Энхбаяр нарын цөөн хүн МАХН-ын буурин дээр үлдсэн гэж үзэж буй юм. Тэгэхээр Бага хурлын нөхөн сонгууль болохыг үгүйсгэхгүй.
Г.Энх