Өнөөдөр Ардчилсан намын “Шинэчлэл хөдөлгөөн” байгуулагдаж, хамгийн эхний үйл ажиллагаа болох намын дарга Н.Алтанхуягт шаардлага хүргүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.
Тус шаардлагад: Өнөөдөр ардчиллын салхи улам бүр хүч түрэн өрнөж, Монголын ардчилал өдрөөс өдөрт хүчирхэгжиж байгааг улс төрийн олон ээдрээт шийдэл, үйл ажиллагаануудын үр дүнгээс харж болно.
Энэхүү алдаж үл болом цаг үед эрхэм намын дарга та Ардчиллын үнэт зүйлийг үгүйсгэж, хүчтэй сөрөг хүчин байх байр суурийг ганхуулан савчуулж, улмаар ардчиллын үзэл баримтлалыг өөрийн үзэмжээр тайлбарлан, сайдын сандал суудал руу шунан тэчьяадах дур хүслээ дарж дийлэхгүйгээр бусдын халаас руу шургачин мансуурч байгааг жирийн гишүүд бид эсэргүүцэж байна.
Монголын нийгэмд Ардчилсан нам ямагт манлайлагч байх ёстой. Бусдыг аялдан дагалдаж, цагиралдан нойрмоглож огт болохгүй.
Иймд Ардчилсан намын гишүүд, дэмжигч, сонгуульт ажилтан бид Н.Алтанхуяг таныг намын дарга байх ёс зүйгүй этгээд гэж дүгнэн намын даргын үүрэгт ажлаас сайн дураараа огцрохыг шаардаж байна” гэлээ.
Б.Уянга