АН-аас УИХ-д суугаа З.Энхболдын нэр сүүлийн үед хэвлэлийн хуудаснаа үзэгдэх нь элбэг болсон. Ялангуяа Ардчилсан хүчний холбоо (АХХ) гээчийг байгуулж анхны хурлыг нь Төрийн ордны Их танхимд сүртэй хийснээс хойш түүнийг намын дарга Н.Алтанхуягийнхаа суудалд санаархаж яваа гэж ярих нь их болсон. Ийм бодолтойгоо З.Энхболд өөрөө ч нуугаагүй. Өчигдөр тэрбээр Хэвлэлийн хүрээлэн дээр сэтгүүлчидтэй уулзав.
Ярьсаар буй асуудлын тухайд, хамгийн гол нь даргыг солих явдал биш, АН-ын ажлыг урагш нь ахиулах... гэж хэл нь загатнасан бидний асуултад хариулахдаа хэлэв. Тэрбээр намаа, одоо МАН болоод байгаа улс төрийн хүчнээс ялгаатай нь “амьд” гэж хэллээ. Энэ нам 1990 оноос хойших хугацаанд үзэл баримтлалаа МАН шиг дөрвөн удаа өөрчлөөгүй. Бид иргэдээ ажилтай, сууцтай, машинтай болгох зорилт 1990 онд дэвшүүлсэн. Тэр зорилт хэвээр. Өмч хүмүүсийн гар дээр байх ёстой гэж манай нам үздэг. Энэ үүднээс мал, орон сууц хувьчлах санаачилга гаргахад тухайн үедээ МАХН эсэргүүцэж байсан. Гэлээ ч энэ бүхнийг хийсэн. Хамгийн сүүлд байгалийн баялгийг хувьчлах зорилт дэвшүүлсэн. Үүнийгээ “Эрдэнийн хувь”- иар хэрэгжүүлэхийг зорьсон. Энэ бол бэлэн тараах юм биш иргэддээ хувьцаа өгөх юм. Үүнийг хэрэгжүүлсэн бол иргэн бүр маань байгалийн баялгаас олсон орлогоос жил тутам ногдол ашиг авах байв. Гэтэл сонгогчдын маань олонх 2008 онд нэг удаа бэлнээр өгөх 1.5 сая төгрөгийг илүүд үзсэн гэв.
Гэхдээ л Хүний хөгжлийн сангийн тухай хууль өнгөрсөн онд гарснаар АН-ынхны сонгуулийн амлалт хэрэгжиж эхэлжээ. Гэхдээ л АН-ын ажил хэрэг буруу явж байна гэж хэлэх, АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдөнө гэх хүн олширч байна гэнэ. Эдний тоонд З.Энхболд орж буй аж. АН-ын одоогийн дарга намаа ямар үзэл баримтлалтайг мэдэхгүй гэсэн утгатай үг олны сонорт хүргэчихсэнээс сүүлийн үед ойлгомжгүй байдал бий болсон байна. Тийм учраас даруйхан нэг цуглаж, өөр зуураа яриад, ямар үзэл баримтлалтайгаа, эх орон, ард түмнийхээ төлөө АН юу хийх гээд байгаагаа тодорхой хэлж өгье. Хамгийн олон санал ав сан нам Засгийн газраа бүрдүүлж хариуцлагаа үүрэх ёстой атал “стандарт бус” гэх алхамтай хөл нийлүүлсэн нь АН-ын бу - руу. Үүнээс үүдсэн олон гажуудлын нэг нь одоо ажиллаж буй хууль бус Засгийн газар бий болсон явдал. Ийм Засгийн газар байгуулсан гэрээний хэрэгжилт ч хангалтгүй байна. Айл болгоноос нэг хүнийг ажилтай, өрх бүрийн дундаж орлогыг нэг сая төгрөг болго но, бүх шатны сонгуулийн хуулийг өөрчилнө... гээд 60 гаруй зүйл уг гэрээнд жагсаасан ч биелсэн нь хуруу дарам. З.Энхболд ийм бодолтой байна. Түүнээс гадна татвараас нь үүдээд тус намын шийдвэр гаргах түвшинд хөрөнгө мөнгөтэй хүмүүс шургалах болсон аж.
Энэ бол дүрэм нь зөрчигдөж буй хэрэг гэнэ. Энэ байдлыг өөрчлөх ёстой. Монгол Улс байгалийн баялагтаа тулгуурлаад одоогийнхоос болон МАН сая их хурлаасаа дэвшүүлснээс хавьгүй хурдан хөгжих боломжтойг АН уг нь олоод харчихсан юмсанж. Гэтэл бодлогоо хэрэгжүүлэх боломж тэдэнд 1996-2000 оноос өөр хугацаанд тохиосонгүй. Ойрын 5-10 жилд бүх хүнээ ажилтай болгож болох атал хамгийн наад зах нь 1800 хятад жолооч Өмнийн говиос нүүрс зөөж байна. Монголын Засгийн газар яаж ажиллаж буйг энэ баримт харуулах аж. З.Энхболд жишээ болгож бас нэг баримт хэлсэн нь Оюутолгойн гэрээ ний хэрэгжилттэй холбоотой байв. 6000 монгол хүн тус бүрийг 500 мянган төгрөгөөр цалинжуулж ажиллуулах ёстой байтал 3000 хүн бүрийг 300 мянган төгрөгөөр цалинжуулъя, тэднээр Улаанбаатарт хог цэвэрлүүл гэсэн санал тавихад нь Засгийн газар зөвшөөрчихжээ.
Энэ гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэж тэрбээр үзэж байв. Сэтгүүлчид л болсон хойно нэг уулзсаных МАН-ын XXVI их хурлын талаарх бодлыг нь З.Энхболдоос тандаад авалгүй яах вэ дээ. Эрх баригч намын их хурлаас их юм хүлээсэн иргэний нэгийн хувьд уг арга хэмжээг анхааралтай ажигласан бололтой. Хэлбэр нь дажг үй ч агуулга нь “авах юмгүй” болсон гэнэ. Улс орноо өөд нь татах талаар Үндэсний хөгжлийн үзэл баримтлалд тавьсан зорилтыг нэлээн хэдэн жилээр ухруу лах шийдвэр эндээс гаргасан байна.
Ер нь нэрнээсээ “Х” үсэг хасаж туг, бэлгэдэл зэргээ сольсноос биш олон чухал асуултад хариулт өгч чадаагүй. Ардын нам, ардын засаг мандтугай гэж байн байн хэлээд байсныг нь бодоход хамтарсан Засгийн газрыг байхгүй болсон гэж үзэж буй юм уу ч гэмээр санагджээ. Зүүн төвийн нам хэвээр байгаа гэх боловч Бага хурал, Удирдах зөвлөлд нь төрийн өмчийн болон хувийн томоохон компанийн захирлууд олон орсноос үзвэл энэ нам санхүүжих ямар арга замыг сонгож буй нь тодорхой болж байх шиг. “Ардын нам” гэсэн нэртэй нь зөрчилдөж байна гэлээ.
2008 оны УИХ-ын сонгуульд оролцсон МАХН “байхгүй” болсон тул УИХ тарах ёстой гэх яриаг хүмүүс гаргаж буй. Үүнтэй холбоотойгоор УИХ тардаггүй юм гэхэд УИХ дахь МАХН-ын бүлэг гэж байх уу үгүй юү гэж З.Энхболдоос асуухад -2004 оны сонгуульд бид “Эх орон-Ардчилал” эвсэл болж орсны дараа уг эвсэл задарсан. Тиймээс танайх УИХ-д бүлэг байж болохгүй гэж МАХН-ын бүлгийнхэн үзээд хуульд өөрчлөлт оруулж биднийг “зөвлөл” гэдэг юмтай болгож байсан юм. МАН-аас УИХ-д суугаа гишүүдэд ингэж л хандахаас аргагүй. Тэр хууль ч одоо хүчин төгөлдөр байгаа. Өөд нь хаясан чулуу өөрийнх нь толгой дээр гэгч болж байна гэв.
Эцэст нь Төрийн өмчийн хорооны дарга байхдаа аятайхан объектуудыг өөрөө хямдхан авсан гэх мэдээлэл байсныг сонирхов. АН-ын даргыг өөрчилж магадгүй, тэгвэл Энхболд нэрээ дэвшүүлнэ гэсэн гэх сургаар 14 жилийн өмнөх юмыг сэргээж ийм яриа гаргаж байх шиг байна. Тэр албыг хашиж байхдаа миний хийсэн хамгийн гол юм бол объектуудыг дуудлага худалдаагаар л хувьчилдаг болгосон. Гурван жилийн дотор 1000 гаруй байшин сав, аж ахуйн нэгжийг хувьчилсан. Урьд нь гэрээгээр хувьчилдаг байхад харин ах дүү, танил талдаа ашигтай объектыг өгчих боломжтой байсан. Дуудлагаар худалдана гэдэг чинь хэн илүү мөнгө төлсөн нь авна гэсэн үг гэж хариулав.