Лондоны “Court of Magistrate of Westminster”-д 2010 оны арваннэгдүгээр сарын 16-нд болсон Д.Хурцыг шүүх хуралд
Монголын талыг төлөөлж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн
дарга Г.Баясгалан, Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл нар оролцлоо
Д.Хурцыг Англид баривчилж хорьсон явдал дэлхийн супер дуулианы нэг болж байна. Эл явдлыг Лондонд уржигдар болсон шүүх хурал харууллаа. Маш сонин процесс эндээс ажиглагдана. Хэдийгээр Д.Хурцыг шүүх хурал дахин хойшилж, ирэх оны нэгдүгээр сарын 5-нд товлогдсон ч манай “masterspy” (гаднын хэвлэлүүд ийн бичиж байна) Д.Хурцыг барьж хорьсон ажиллагаа нь бас хууль бус болж ирлээ.
Өөрөөр хэлбэл англи, германчууд өөрсдөө нуман тулгуурт орж байх шиг. Учир юу гэвэл Д.Хурцын өмгөөлөгч Алан Жонс Их Британийн эрх баригчдыг ноцтойгоор буруутгаж эхлэв. Шүүх хурал дээр түүний хэлснээс харахад “Хурцыг бас л ялгаагүй, арай боловсронгуй “хулгайлах” замаар буюу хуурч мэхлэн Лондонд авчирч, барьж хорьсон бөгөөд үүнд Их Британийн Засгийн газар, шүүхийнхэн болон Англи, Германы тусгай албад оролцож, хамтран хуйвалдсан бололтой.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга гэдэг бол өндөр албан тушаал. Гэтэл ийм албан тушаал эрхэлж байсан Д.Хурцыг (өдгөө 41 настай) Лондонгийн “Хитроу” нисэх буудалд газардмагц баривчилсан нь яавч хуульд үл нийцсэн ажиллагаа болсныг Алан Жонс нотлохдоо “Д.Хурц нь албан ажлаар Английг зорьсон, дипломатын халдашгүй дархан эрхтэй хүн. Тэрбээр Английн талтай Монголд хийж байсан уулзалтынхаа үргэлжлэл болох цуврал уулзалтад оролцохоор уригдаж, Монгол дахь ИБУИНВУ-ын ЭСЯнаас албан виз гаргуулж ирсэн.
Гэтэл үнэн хэрэгтээ түүнийг ийн хуурч авчрах нууц хуйвалдааны төлөвлөгөөг боловсруулахад Германы эрх бүхий хүмүүс ч оролцсон байна. Энэ хуйвалдаанд Монгол Улсад суугаа Их Британийн Элчин сайд хүртэл холбогдоно” гэснээр байдлыг ноцтой тал руу хандуулсан юм байна. “Энэ бол найрсаг харилцаатай Монголын Засгийн газарт хандах арга зам яавч биш. Тэр чигээрээ хуульд үл нийцсэн үйлдэл болжээ” гэж Алан Жонс шүүх хурал дээр давхар “цохилт” хийжээ. Байдлаас анзаарахад “Мэхт мэхэндээ” гэдэг л болсон бололтой.
Английн нөхдүүд өмнө нь Улаанбаатарт ирж манай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхтэй (мэдээж Д.Хурцтай) албаны уулзалт хийж байсан бөгөөд дараагийн цуврал уулзалтыг Лондонд хийхээр болоод түүнийг урьсан нь дасгаж байсан хэрэг байжээ. Монголд ирж бугуйг нь атгаад барьцаа лавшруулсаар Лондонд очиход нь бариад авсан нь тэр аж. Манай “masterspy” ингэнэ чинээ саналгүй тавиад очсон байна.
Шүүх хурал дээр Д.Хурц “Би албаныхаа шугамаар гадаадын тагнуулын агентлагууд тэр тусмаа Их Британийн тагнуулынхантай “дотно” харилцаатай байж, харилцан туршлага, мэдлэгээ хуваалцдаг байсан” хэмээн ярьжээ. Ажил хэргийн дотно харилцаатай болохоор ийн хандана гэж огтхон ч төсөөлөлгүй тэрбээр яваад очсон нь эндээс анзаарагдана. Д.Хурцыг баривчилсны дараа Их Британи Монгол Улсад суугаа Элчин сайдаа яаралтай татсан байдаг. Энэ нь дээрх үйл явдалтай холбоотой байсан гэдэг нь уржигдрын шүүх хурлын явцаас тодорч байна.
Манай ГХЯ-ныхан болохоор дипломат жаягаа дагаад “мэдэхгүй” гэдэг хариулт өгсөн болохоос биш, мэдэхийн цаагуур мэдэж байсан нь ч ойлгомжтой. 2009 оны арваннэгдүгээр сард Англи, Монголын албаны нөхдүүд Улаанбаатарт уулзахад, Монголын талын нөхдийг Лондонд зочлохыг урьсан байдаг. Үүнийг ч Д.Хурц шүүх хурал дээр хэлсэн байна. Д.Хурц тэргүүтэй Монголын төлөөлөгчид долоо хоногийн хугацаатай албан айлчлал (нэг ёсондоо хариу айлчлал) хийхээр энэ оны есдүгээр сарын 17-нд Английг зорьж.
Гэтэл одоо болохоор Монголоос буцсан Их Британийн Элчин сайд “Д.Хурцын айлчлалд албан уулзалтын арга хэмжээний талаар огтхон ч тусгаагүй байсан” хэмээн гүтгээд гүрийсэн нь сонин. Өөрөөр хэлбэл Д.Хурцын ганц хамгаалалт болох дипломатын халдашгүй дар хан эрхийг нь англичууд хууран мэхлэх замаар зөрчсөн гэдгээсээ бултахын тулд ийн мэдүүлж байгаа хэрэг. Гэтэл Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл “Албан ёсоор тусгаагүй гэдэг нь Д.Хурцыг урилга заллагагүй, албан бус хэргээр ирсэн гэж үзэх үндэслэл биш” хэмээн шүүхэд тайлбар өгч байна. Ийнхүү 2003 оны тавдугаар сард С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэгдсэн Д.Энхбатыг Францаас хулгайлж авчрах ажиллагаанд оролцсон Д.Хурцын хурц дуулиан цааш үргэлжилж, шүүх хурлыг хойшлуулахад хүргэлээ.
Ш.Алтай