Түүхэнд үлдсэн МАХН нэр дахиад сэргэчихэж. Халаагаа тавьж өгсөн хуучин лого нь урьдын адил харагдана. Энгэртээ улаан сарнай зүүсэн хөгшин, залуу хүмүүс “МАХН-ын түр штаб” дотор бужигнана. Намынхаа уугуул нэрийг сэргээж, бүх түүхээ “хувьсгалт” гэдэг үгтэй хамт шороонд булахыг эсэргүүцсэн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр өнөөх штабын хойморт заларчээ.
Тэд МАХН-ын буурийг сахигчид аж. “Хувьсгалт гэсэн үгийг авч хаях гэсэн оролдлого нь түүхийн олон хувьсгалыг үгүйсгэж байна. МАХН-ыг газрын хөрснөөс арчих боломжгүй. Хэсэг хүн нийлээд МАН болж болно. Тэглээ гээд МАХНыг үгүйсгэх нь олигархиудад л хэрэгтэй” хэмээн Ц.Шинэбаяр мэдэгдлээ. МАХН-ын жирийн олон гишүүн намаа авч үлдэн, байр суурийг нь сэргээх хүсэлтээ түүнд илэрхийлж буй гэнэ.
Тиймээс МАХН-ын түр штаб байгуулснаа зарлаж буй нь энэ аж. Улс төрийн намуудын тухай хуулийн дагуу аливаа нам бусадтай нэгдсэн, татан буугдсан тохиолдолд л нэрээ сольдог, түүнээс “хувьсгалт” гэдэг үгнээс “ичсэндээ” өөрчлөх үндэслэл байхгүй гэж тэд мэдэгдэв. МАН болсон хүмүүс Баасан ламын байгуулсан, 1996 онд МАХН-д нэгдсэн намыг дагаж гарсан гэнэ.
Энэ нь МАХН-ын зорилго биш, гэхдээ хэсэг хүн тасарч тусдаа нам байгуулахыг нь үгүйсгэхгүй юм байна. МАХН-ын XXVI их хурлаар дүрэм, улсын хуулиудыг гуйвуулж тайлбарласан, алдаатай, улс төрийн ноцтой үр дагавартай шийдвэр гаргасан гэж тэд үзжээ. Тиймээс энэ бүхнийг Онц их хурал зарлаж шийдэхийг шаардаж буй аж. МАХН байгаа, цаашид ч байна гэж үзэж буй тул Түр штабынхан ойрын хугацаанд гишүүнчлэлийн бүртгэлээ цэгцэлж, үүрүүдээрээ ажиллах, Онц их хурлын бэлтгэлийг хангах юм байна.
Намаа аврах, дахин эмхлэхэд идэвхтэй оролцохыг гишүүддээ бас уриалав. Одоогоор 3000 орчим гишүүн нь тэднийг дэмжихээ мэдэгджээ. МАХН нэрийг дахин ашиглахыг хоригло сон байхад яаж ажиллахыг нь лавлахад “Хуульчдын баг гарган судалж байгаа. МАН нэрийг таван жил болоогүй байхад сэргээсэн юм чинь МАХН-ыг яагаад болохгүй гэж” гэсэн хариу өгөв. Бууриа сахигчдын энгэртээ зүүсэн улаан сарнай МАХНыг “амилуулах”-ын төлөөх сарнайн хувьсгалыг бэлгэдсэнийг Түр штабын хөгжлийн бодлогын зохицуулагч С.Молор-Эрдэнэ мэдэгдэв. Онц их хурлыг энэ онд багтаан хуралдуулахыг тэд шаардаж буй юм байна.
С.УУЛ