Хүн барьцаалж, бүрэлгэхийг завдсан хэрэг Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд гарчээ. Энэ сарын 16-ны 17.00 цагийн үед тус суманд байрлах “Ачлал” худалдааны төвд “Согтуу хүн эхнэрээ зодоод байна” гэсэн дуудлага цагдаагийн газарт ирсэн гэнэ.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход “Ачлал” худалдааны төвд Э.Мөнхбаяр гэдэг хүн нэгэн эмэгтэйг зодож, хутга тулган хэн нэгнийг ойртох юм бол барьцаалсан эмэгтэйн амийг хөнөөнө хэмээн заналхийлж байжээ. Хэргийн газарт очсон цагдаагийн ажилтнууд барьцаалагчтай ярилцаж байгаад анхаарал сарних үед нь дайрч баривчилсан аж. Тэрбээр уг эмэгтэйг хоёр цагийн турш барьцаанд байлгасан аж. Уг хэргийг харсан гэрчүүд “Барууны адал явдалт кино шиг л үйл явдал болсон. Цагдаагийнхан гэмт этгээдийн анхаарлыг сарниулж байгаад гэнэт дайрч эмэгтэйн амийг аварсан” гэсэн юм.
Хохирогч тус худалдааны төвийн худалдагч юм байна. Өдгөө аймгийн Цагдаагийн газрын сэтгэлзүйч эмч түүнийг тайвшруулан айдас түгшүүрээс гаргах ярилцлага зохион байгуулж буй аж. Сэжигтэн Э.Мөнхбаяр нь 1983 онд Өвөрхөнгай аймгийн Тарагт суманд төрсөн. 2004 онд гэр бүл зохиож, эхнэр О болон хүү Т-гийн хамтаар 2008 он болтол Орхон аймгийн Баян-Өндөр суманд амьдарч байсан нэгэн.
Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан бөгөөд 2010 оны тавдугаар сарын 31-нд түүний хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ. Түүнд “Зэвсгийн чанартай зүйл ашиглан барьцаанд байгаа хүний амь насанд заналхийлсэн” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна.