Уншигч та бүхэн Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Оросын талын ерөнхий хувь нийлүүлэгч, “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин, УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Жигжиднямаа нарын зургийг харж байна.
Тэд өнгөрсөн сарын 28-нд Таван толгойн нүүрсийг дэлхийн зах зээлд хүргэх галт тэрэгний цувааг “Улаанбаатар” өртөөнөөс үдэх ёслолд оролцож байгаа нь тэр. Үүнээс хэдэн сарын өмнө галт тэрэгний баахан хуучин чингэлэг авчирч, төмөр замчдаар шөнөжин угаалгаж байж манайханд хүлээлгэн өгсөн, 1970-1980-аад оны хуучин 35 зүтгүүрийн зарим нэг эд ангийг сольсон болоод УБТЗ-д нэг бүрийг нь 3.8-3.9 сая доллараар шахах гэрээ хийлгүүлж дөнгөсөн энэ орос эр нэг л янзгүй харагдана.

Тэрбээр “Монголын нүүрсийг ОХУ-аар дамжуулан тээвэр лэсэн тохиолдолд төмөр замын тарифаа 52 хувиар хямдруулна” хэмээн амлаад зогсож буй нь энэ. Түүний амлалт үнэн эсэхийг цаг хугацаа харуулна. Гэсэн ч энэ орос монголчууд биднийг хошгируулсан байж магадгүй. Учир нь тэрбээр баахан амлалт өгсөнийхөө дараа хуруугаа салаавчлаад, тоомжиргүйхэн зогсож байгаа биз. Оросууд ямар үед, яах гэж салаавч гаргадгийг бид мэднэ.
Монголчууд гарын салаавч гаргавал ихээхэн доромжлол гэж үздэг. В.И.Якунин дотроо ямар нэг зүйл бодсон л байж таарна. Тэгээд орос зангаараа хуруугаа салаавчилсан нь лавтай. Тэрбээр энэ үйлдлээрээ монголчууд биднийг доромжиллоо, үүнийхээ төлөө уучлалт гуйх ёстой.