Модод нь ногоон, улаан, шараар солонгорон намрын сүүл сартай золгож буй Токио хотод зул сарын баярын уур амьсгал эрт оржээ. Гудамж талбай, дэлгүүрийн хорго хаа сайгүй гоёмсог баглаатай баярын бэлэг, гэрлээр чимсэн ганган гацууртай зэрэгцээд хотын төв гудамжаар Монгол, Японы төрийн далбааг намируулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаагийн хамт энэ өдрүүдэд Японы Засгийн газрын урилгаар төрийн айлчлал хийж буй нь энэ. Тав хоног үргэлжлэх айлчлалд Японы тал өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд Япон улсын Цог Жавхлант Эзэн хаан Акихито, Эрхэм дээд хатан Мичико нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өчигдөр Токио дахь өргөөндөө хүлээн авч уулзан, хүндэтгэлийн зоог барилаа. Эзэн хаант засаглалын олон зууны түүхтэй Японы хувьд 125 дахь Эзэн хаан Акихито, Мичико хатныхаа хамт ийнхүү хүндэтгэл үзүүлж буй нь тэр бүр тохиодоггүй бөгөөд ач холбогдол үзүүлж буйн илэрхийлэл хэмээн үздэг аж.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цог Жавхлант Эзэн хаантай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Монголын ард түмний мэндчилгээг уламжлав. Мөн Монгол Япон хоёр орон ойртон дотносож, ард түмний харилцан ойлголцол гүнзгийрч буйд баяртай байгаагаа илэрхийлжээ. Цог Жавхлант Эзэн хаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалд амжилт хүсээд, айлчлалын агуулга, тэргүүний технологи, байгаль цаг агаар, өвөлжилтийн тухай, мөн сүмо бөхийн талаар сонирхон ярилцаж, Монгол оронд хөгжил цэцэглэлтийг ерөөсөн байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цог Жавхлант Эзэн хаан болон Эрхэм дээд Хатныг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урьснаар уулзалт өндөрлөжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эзэн хаанд бараалхсаныхаа дараа үдээс хойш Японы Пар ламентын танхимд үг хэлсэн. Монголын төлөөлөгч Парламентын танхимд үг хэлэх нь байтугай дарга, гишүүдтэй нь уулзах гэж хөл алддаг байсан үе бидэнд бий. Харин энэ удаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын ардчиллын 20 жил буюу Мооко Хан” нэртэй “бяцхан” илтгэл тавьж, Парламентын дээд, доод хоёр танхимын дарга нарыг хүлээн авч уулзлаа
Парламентын танхимд нь хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч, “Монгол оронд байгалийн баялаг байна. Япон Улсад өндөр технологи байна гэж бид олон жил ярьсан. Одоо энэ байгаа хоёр боломжийг харилцан ашигтай ашиглах цаг ирлээ. Монгол дахь Японы хөрөнгө оруулалтын хэмжээ, хоёр орны худалдааны үзүүлэлт тийм ч өндөр биш байна. Харин эдгээрийг эрс нэмэгд үүлэх “цагийн сэрүүлэг” дуугарч эхэллээ. Монгол Улсад хөрөнгө оруулах, Монголтой худалдаа хийх, харилцан ашигтай ажиллахыг сонирхож байгаа Японы ажил хэрэгч хүмүүст хандаж би “Цаг боллоо, сэрцгээ” гэж хэлэхийг хүсэж байна” гээд Монголд хөрөнгө оруулж, түншлэлээ стратегийн түвшинд хүргэхийг уриаллаа.
Монгол, Япон хүн аль аль нь ялгаагүй энэ газар дэлхийд “Тэнгэрийн тамга”-тай төрцгөөдөг. Олон орны хүмүүс тэр тамгыг монголчуудтай холбодог. Тэр тусмаа япончууд түүнийг “Монгол тамга” (Мооко хан) гэж нэрлэдэг. Би үгийнхээ сэдвийг “ардчилал буюу тамга” гэсэн нь бас учиртай юм. Манай хоёр ард түмэн хамтдаа улам ихийг бүтээж чадна. Монголын ард түмний чин сэтгэлийн мэндчилгээг тэнгэрийн тамга нэгт Японы ард түмэнд хүргэх энэхүү онцгой боломж олгосон Та бүхэнд маш их баярлалаа хэмээн хэлснээр үгээ өндөрлөсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 20 минут хэлсэн “Монголын ардчиллын 20 жил буюу Мооко хан” нэртэй бяцхан “илтгэл” маш онцгой сэтгэгдэл төрүүлсэн хэмээн ярьж байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дагалдан яваа албаны хүмүүсийн хамт өнөөдөр Японы Ертөнхий сайд Нобуко Хантай уулзаж, Монгол Японы харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурснаар Япон улсад хийж буй төрийн айлчлалаа өндөрлөж “Нарита”-гийн олон улсын нисэх буудлаас Лиссабоныг зорино.