УИХ-д суудалтай МАН, АН, ИЗН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөгчид өчигдөр уулзав. Тэд “Монгол Улсаа хүмүүнлэг, энэрэнгүй хууль хэрэгждэг орон болгоход эмэгтэйчүүдийн нөлөө, оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвээр ярилцсан юм.
Эрчүүд давамгайлсан УИХ дутагдал олонтой хууль баталж, эмзэг давхаргынханд хатууг нь “гайхуулдаг” гэж тэд үзэв. Хуулийн талаар танилцуулга, урьдчилсан мэдээлэл байхгүйгээс иргэдийн энэ талын мэдлэг дутмаг, улмаар хуульд “бүдрэх” нь олон байдаг аж. Бүсгүй хүнд байгалиас заяасан зохион байгуулах, нарийн ажлыг гүйцэтгэх чадвар, уян хатан байдал энэ бүхнийг зөөллөж чадах юм байна.
Аливаа хуулийн төслийг боловсруулахаас нь эхлээд олон нийтэд урьдчилан мэдээлж, таниулах учиртай гэнэ. Энэ сэдвээр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл илтгэл тавьсан. Хуулийн талаар мэдээлэл хүргэх нь сэтгүүлчидтэй холбоотой учир “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал энэ тухай илтгэл тавив. Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Алтай эмэгтэйчүүдийн оролцоо дут маг байгаа салбаруудыг тодорхойлсон.
Хүн амын 50 гаруй хувь нь эмэгтэй. Ажиллах хүчний 49, их, дээд сургууль төгсөгчдийн 51, мэр гэжлийн болон техникийн ал - банд ажиллагчдын 58, багш нарын 79, эмнэлгийн байгууллагынхны 82 хувь нь эмэгтэй. Гэхдээ шийдвэр гаргах, хууль тогтоох түвшинд энэ хувь маш бага. Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 30.2, УИХ-д 3.9 хувь нь бүсгүйчүүд. Шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо жил ирэх тусам буурч буй юм.
Үүнийг нэмэхийн тулд Сонгуулийн хуульд квот тогтоох, пропорциональ тогтолцоог дэмжих гэх мэт гарцыг тэд санал болгосон.
С.УУЛ