ИЗН-ын Үндэсний зөвлөлдөх хороо өнгөрсөн бямба гаригт хуралдаж, Ногоон намтай нэгдэх эсэх болон намын дэд даргыг сонгох талаар хэлэлцжээ. Тус намын дэд дарга Ц.Ганхуяг Болгар улсад суух Элчин сайдаар томилогдсон учир суудал нь нэлээд хугацаанд эзгүй байсан юм. Дэд даргын төлөө Ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Улс төрийн зөвлөлийн гишүүн Г.Ганхүү, М.Хүрэлсүх, Булган айм гаас Үндэсний хороонд сонгогдсон гишүүн Эрдэнэбат нар өрсөлдөөд М.Хүрэлсүхийг сонгожээ.
Тэрбээр 2008 онд Баянхонгороос УИХ-д нэр дэвшиж байсан, ИЗН-ыг үүсгэн байгуулсан анхны гишүүдийнх нь нэг гэнэ. Ногоон намтай нэгдэх саналын тухайд Үндэсний хорооных нь гишүүд зарчмын хувьд дэмжсэн байна. Гэхдээ ИЗН-ын либерал үзэл баримтлал өөрчлөгдөх үү, “Либерал интернэшнл” олон улсын байгууллагын гишүүн хэвээр үлдэх үү гэдгийг тодруулах шаардлагатай гэжээ.
Тиймээс Үндэсний хорооны хурал түр завсарлаж, Ногоон нам, ИЗНын Ажлын хэсэг байгуулсан байна.