УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд ирэх оны төсвийн төсөл дээр зарчмын байр сууриа нэгтгэж чаджээ. Төсвийн хэлэлцүүлгийн явцад зарлага 500 тэрбум төгрөгөөр хэтэрснийг АН-ынхан 93 тэрбум хүртэл хасах, Хүний хөгжил сангаас сар бүр иргэдэд олгодог 21.000 төгрөгийг хоршоолол байгуулж, аж ахуй эрхлэх хүсэлтэй хүмүүст бөөнд нь олгох сонголт тавих гэх мэт саналыг АН-ынхан дэвшүүлсэн билээ.
Тэд бас Байнгын хороо, чуулганы хуралдаанаас уг асуудлаар завсарлага аваад байсан юм. Тэгвэл хоёр Бүлгийн Ажлын хэсэг саналаа нэгтгэжээ. ХХСгаас олгох мөнгөн дээр сонголт олгож, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, улмаар бэлэн мөнгө тарааж инфляц хөөрөгдөхөөс сэргийлэхийг МАН-ын бүлэг дэмжээ. Төсвийг арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө батлах хуультай. Талууд байр сууриа нэгтгэсэн учир өчигдөр Төсвийн байнгын хороо хуралдаж, төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Ирэх оны улсын төсвийг хугацаанд нь батлах боломж үүгээр бүрдсэн байна.
С.УУЛ