УИХ-ын өнгөрсөн пүрэв гаригийн чуулганаар ирэх оны улсын төсвийг амжин батлав. Үдээс өмнө дөнгөж хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн хэдий ч Байнгын хороод үдээс хойш гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгээ “бөөндсөн” байна. Төсвийг арван хоёрдугаар сарын 1-нээс өмнө батлах хуультай.
УИХ дахь Бүлгүүд байр сууриа нэгтгэх гэсээр хугацаа тулгасны эцэст тохиролцож чадсан тул хуулиа зөрчилгүй, төсвийг хугацаанд нь батлав. Энэ өдөр ачаалалтай ажиллахыг УИХ-ын дарга чуулганы эхэнд сануулсан юм. Бас гишүүдийг “Хоол ундтайгаа ирээрэй, завсарлуулахгүй хуралдана” гэсэн яриа ч дуулдаж байв. Гэхдээ ингэх хэрэг гарсангүй. Чуулган завсарлаж Байнгын хороод хуралдах хоорондуур тэд хоолоо идэж амжсан биз.
Төсвийн байнгын хороо гуравдугаар хэлэлцүүлгийг хийсний дараа 21.00 цагт чуулган үргэлжилжээ. Улсын 2011 оны нэгдсэн төсвийн нийт орлого гурван их наяд 304.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, нийт зарлага дөрвөн их наяд 084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.1 хувь, нийт алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -9.9 хувь болж өөрчлөгдөв. Өргөн барьсан төслөөс алдагдал 1.3 хувиар, орлого 38 тэрбум, зарлага 106.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн нийт орлого 301.2 тэрбум төгрөг буюу өргөн барьсан төсвийн төслөөс 28.4 тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага 805.2 тэрбум төгрөг болжээ. Алдагдал нь 504 тэрбум төгрөгт хүрэв. Үүний дараа дөрөвдүгээр хэлэлцүүлэг хийж, зүйл заалт бүрээр санал хураасан байна. Гишүүдийн 87.5-97.5 хувийн саналаар төсвийн хуулийг УИХ батлав.
С.ТУУЛ