МАХН-даа үнэнчээр үлдэгсэд МАН-ын удирдлагыг хөдөлгөөнд оруулж эхэллээ. Уг нь Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр тэргүүтэнд МАНын зүгээс “бодох хугацаа” өгсөн ч өчигдрийн хэвлэлүүдэд гарсан МАХН-ын Түр штабын “Уриалга” МАН-ын Удирдах зөвлөлийг Төрийн ордны “А” танхимд яаралтай хуралдуулахад хүргэжээ.
Эх сурвалжийн хэлснээр, Удирдах зөвлөл үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, гишүүддээ мэдээлэл өгсөн гэнэ. Харин нөхцөл байдлыг ажиглах, хүлээцтэй хандах үүднээс тодорхой шийдвэр гаргахаас түдгэлзсэн байна. Түр штабынхан XXVI их хурлыг ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөг хязгаарлан боомилсон хууль бус, балмад үйл ажиллагаа гээд нэр бүхий улстөрчийг буруутгаад байгаа.
Хуучин МАХН-ын үзэл баримтлал, бэлгэдлийн дор нэгдэж, Онц их хурал зарлах, МАН-д элсэхгүй байхыг Түр штабынхан ухуулж буй юм.