Саяхан болсон ИЗН-ын Үндэсний хорооны хурлаас Монголын Ногоон Нам(МНН)-тай нэгдэхийг дэмжсэн шийдвэр гарсан билээ. Түүнийг Их хурал нь баталгаажуулах юм. ИЗН-ын ҮХ-ны эл шийдвэрийг МНН-ын удирдлага гишүүд, дэмжигчдээрээ ил тод хэлэлцүүлж эхэлжээ.
МНН-ыг өөртөө нэгтгэх замаар “шинэ” намыг өөрчлөн байгуулах, Намын нэрийг “Иргэний зориг-Ногоон нам” гэж өөрчлөхийг ИЗН санал болгосон байна. Нэгдсэн тохиолдолд Намын удирдлага болон удирдах төв байгууллагыг хоёр намаас тэнцүү төлөөллөөр (50:50) бүрдүүлж, төлөөллийн төв байгууллагыг Намын тухай хууль болон ИЗНын дүрэмд зааснаар зохион байгуулах нь зүйтэй гэсэн байна.
ИЗН-ын чиг баримжаа болгодог либерал ардчилсан үзэл баримтлалын гол зарчим, үнэт зүйлсийг өөрчлөн байгуулагдах намын хөтөлбөрт хэвээр үлдээж, тус намын “Либерал-интернэшнл”-ийн гишүүнчлэлийг хадгалах зэргээр ИЗН байр сууриа илэрхийлжээ. “ИЗН-ын байр суурь ба хоёр нам нэгдэж, нийлэх тохиолдолд ямар зарчим баримтлах талаар Монголын Ногоон Намын гишүүд, дэмжигчид үзэл бодлоо ирүүлнэ үү.
Ил тод ардчилсан зарчим баримтлан гишүүдийнхээ саналыг авах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн www.greenparty.mn сайтад мэдээлжээ. ИЗН-тай нэгдэх эцсийн шийдвэрийг МНН-ын Их хурал гаргах юм.
Г.ЭНХ