Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБын Дүрвэгсдийн асуудал хариуцсан Дээд комиссарын газрын Монгол, Хятадыг хариуцсан Бүсийн төлөөлөгч Жүзеппе де Винчентийсийг өчигдөр хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч хэлэхдээ “Манай улс НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссарын газартай 1999 оноос эхлэн ойр хамтран ажиллаж байгаа. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд дүрвэгсдийн эрх зүйн асуудлаар олон удаа сургалтсеминар, олон улсын чанартай уулзалт зохион байгуулсан нь ач холбогдолтой арга хэмжээ болсон.
Мөн буцалтгүй тусламжийн хүрээнд хилийн цэргийн байр, орон сууцны нөхцөлийг сайжруулахад болон өнгөрсөн хаврын зуднаар малчдад тусалсанд талархаж байна” гэв. Мөн Монгол Улс Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай 1951 оны Конвенц, уг конвенцийн 1967 оны нэмэлт протоколд нэгдэн орох асуудлыг судалж байгаа гэдгээ Ерөнхийлөгч дурдсан юм.
Хоёр талын хамтын ажиллагаа амжилттай байгааг Жүзеппе де Винчентийс тэм дэглэв. Тэрээр цааш нь “НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссарын газрыг 1951 онд дүрвэгсдийг олон улсын түвшинд хамгаалах, тэдгээрийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор байгуулсан. Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай 1951 оны конвенцийн 60 жилийн ойг ирэх жил тэмдэглэнэ. Энэхүү конвенцид Монгол Улс нэгдэх асуудлыг Монголын төр засаг нухацтай судалж буйд талархаж байна” гэлээ хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн алба мэдээлэв.