Оросууд хөндөлсөөгүй бол манай төмөр замчид өдийд Казахстан, Америкийн хамтарсан үйлдвэрийн тав дахь үеийн, хүч чадал сайтай, түлш бага зарцуулдаг, ашиглалтын зардал багатай зүтгүүртэй болчихсон байх бүрэн боломжтой байсан юм билээ. Манай инженерүүд тус улсаас 100 шахам зүтгүүр авахаар ярилцаж байсан гэдэг. Гэтэл “Улаанбаатар төмөр зам”-ын ерөнхий хувь нийлүүлэгч, “Оросын төмөр зам” нийгмлэгийн тэргүүн В.И. Якунин тэргүүтэй нөхөд манайхныг дарамталсаар дээрх гэрээг хийлгээгүй аж.
Мянганы сорилтын сангийн тусламжийн нэг хэсгээр төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэхээр америкчуудтай хийхээр зэхэж байсан гэрээг ч тэд мөн л тасалдуулсан. Тэгээд оронд нь ОХУ-д үйлдвэрлэсэн, хямд зүтгүүрээр “Улаанбаатар төмөр зам”-ыг хангах болсон аж. 1970, 1980-аад оны хуучин зүтгүүрүүдийнхээ зарим нэг эд ангийг сольсон болоод манайд өгсөн зүтгүүр нь өнөөдөр галт тэрэгний машинч нарын уурыг барж байна.
Манай инженер техникийн ажилтнууд 2ТЭ116УМ-001 мар кийн зүтгүүрийг анхнаасаа авахгүй гэж оросуудтай нэлээд үзсэн юм билээ. Харамсалтай нь тэд элдвээр дарамталсаар Украины Луганск хотын Илчит тэрэгний үйлдвэрт сайжруулсан гэх дээрх зүтгүүрээс 35-ыг, нэг бүрийг нь 3.8-3.9 сая доллараар авах гэрээ хийлгүүлсэн юм. Дээрх гэрээг хийхдээ Засгийн газар, Сангийн яаманд мэдэгдээгүй байсан гэх. Сангийн дэд сайдаар ажиллаж байгаад “Улаанбаатар төмөр зам”-ын даргаар томилогдсон Т.Очирхүү ажлаа авсныхаа дараахан энэ тухай мэдэж холбогдох албан тушаалтнуудаасаа асуусан боловч тоймтой хариу аваагүй гэсэн. Ийм гэрээ байгуулахыг УБТЗ-ын Техникийн бодлого, зураг төслийн төв, Замын ерөнхий инженер, Төлөвлөгөө, эдийн засгийн болон Санхүүгийн албаны дарга нарын зарим нь эсэргүүцсэн байна. Тэр ч бүү хэл УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жигжиднямаа ч татгалзаж байсан юм билээ. Гэвч түүнийг В.И.Якунин дарамталж байгаад гэрээ байгуулсан гэх яриа байна.
Д.Жигжиднямааг ажлаа өгөхөөс нэг хоногийн өмнө буюу өнгөрсөн сарын 27-нд гэрээнд гарын үсэг зуруулсан юм байх. ОХУ-аас УБТЗ-д 250 сая долларын хөрөнгө оруулахаар болсон. Үүний 125 саяыг оросууд гаргах, үлдсэнийг нь манай талд зээл хэлбэрээр өгөх юм. Манай талд ногдох хэсгийг тус улсын “Внешторгбанк”-ны зээлээр олгохоор ярьсан аж. Гэсэн ч тус банкны зээлийн хүү өндөр байснаас манай Засгийн газар авахаас татгалзаад байсан юм. Дээрх 35 зүтгүүрийн өртөг 133-136 сая гаруй доллар болж байна.
Дээрх зүтгүүрүүдээр оросууд өөрийн гаргах хөрөнгөө хаах юм уу, эсвэл манай тал төлөх болж байна уу гэдгийг төмөр замчид үнэндээ хэлж мэдэхгүй байна лээ. Хэрэв Монголын талын гаргах хөрөнгөд тооцож байгаа бол манай Засгийн газар дээрх гэрээг мэдэж байх учиртай. Чоно борооноор гэгчээр УБТЗ-ын даргыг томилох, Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны хуралдаан болох гэж байх тэр эгзэгтэй мөчид В.Якунин олон сая долларын өртөгтэй гэрээ хийлгэж дөнгөсөн байх юм. Хятад, Казахстанд үйлдвэрлэж байгаа тав дахь үеийн зүтгүүртэй эн зэрэгцэхгүй юм аа гэхэд Монголын нөхцөлд тохирсон байсан бол дүүрч гэхсэн. Гэтэл монголчуудад салаавч “өгөөд” зогсож байсан В.Якунины шахсан зүтгүүр туршилтын хугацаагаа ч дуусгалгүй гологдож байгааг юу гэх вэ.
52 УДААГИЙН АЯЛАЛД ГАРСАН ЗҮТГҮҮР 203 ЦАГ СААТЖЭЭ
2ТЭ116УМ-001 зүтгүүрийг Украины Луганск хотын Илчит тэрэгний үйлдвэрээс авч өнгөрсөн есдүгээр сарын 14-нд анхны аяллыг нь Улаанбаатараас Чойр, Шаргын овооны чиглэлд хийсэн байна. Түүнээс хойш аравдугаар сарын 18 хүртэл 52 удаа замд гаргажээ.
Энэ хугацаанд 152530 тонн ачаа тээвэрлэсэн байна. Хамгийн хачирхалтай нь сайжруулсан гэх энэ зүтгүүр дээрх хугацаанд найман өдөр, 203 цаг саатаж, сая шахам төгрөгийн засвар хийж байж хөдөлсөн байх юм. Үүний цаана хэдэн зуун саяар хэмжигдэх ачаа эргэлт саатаж, аж ахуй нэгж, байгууллагад төдий хэмжээний хохирол учирсан нь лавтай. Зөвхөн нэг зүтгүүр нь ийм олон удаа эвдэрч, өчнөөн хохирол учруулж байгаа юм чинь гэрээнд заасан бүх илчит тэргийг авсан бол ямархуу хэмжээний хохирол хүлээх байсан нь тодорхой.
Бодит байдал ийм байсаар атал оросууд энэ бүхнийг “монголчуудын хийж буй ов мэх” хэмээн булзаж байгаа нь зүйд нийцнэ гэж үү. Харин ч эсрэгээрээ тэд сайжруулсан нэртэй хуучин зүтгүүрүүдээ өндөр үнээр Монголд шахаж байна. Ийм зүтгүүрүүдтэй “Улаанбаатар төмөр зам” өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа ачаа эргэлт, эдийн засгийн хурдыг гүйцэж, оросуудын өөрсдийнх нь хэлснээр Монголын баялгийг төмөр замаар дэлхийн зах зээлд хүргэж чадна гэхэд эргэлзээтэй. Оросуудын хуншгүй зан арай ч хэтэрлээ.

Д.ЗАЯАБАТ